Урин дулааны цагт Улаанбаатар хотод явган хүний замаар аюулгүй алхана гэдэг аз сорьсон хэрэг болоод удаж байна. Авто зам дээр өдөрт 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ орчин цагийн залуусын унаа болсон скүүтер, мопед, суррон гэхэд 37 мянга орчим бий гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас танилцуулж байв. Үүний зэрэгцээ унадаг дугуйтай хүмүүс замын хөдөлгөөнд оролцож буй. Гэвч нийслэлд дугуйн зам хүрэлцээгүйн улмаас явган зорчигчидтой зэрэгцэн, хөдөлгөөнд оролцож, өндөр настан, бага насны хүүхдийг дайрч, гэмтээх, өөрсдөө ч гэмтэх тохиолдол гарсаар байгаа юм. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газраас унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцоход юунд анхаарах талаар зөвлөв.
Унадаг дугуйг 14, мопедыг 16, сурроныг 18 насанд хүрсэн хүн унахыг хуулиар зөвшөөрдөг. Тухайлбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4-т “...Замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно. Үүнд унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд, ачаатай буюу ачаагүй өргөн нь нэг м-ээс илүү бол, зохион байгуулалттай цуваагаар яваа үед” хэмээн заасан байдаг.Мөн тус дүрэмд заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчиг чийн үүргээр хөдөлгөөнд оролцоно” гэж заасан.
Гэтэл эл дүрмийг дугуйчид мөрддөггүй, мөн явган зорчигчид ч дугуйн замаар алхаж, хэн хэндээ төвөг удах, цаашлаад гэмтэж бэртэх тохиолдол гарсаар байна. Ялангуяа хүүхдүүд унадаг дугуйтай авто замаар зорчих үедээ машинд шүргүүлэх, мөргүүлж, гэмтэж буйг Тээврийн цагдаагийн албанаас сануулсан юм.