Өдгөө УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш МАН-ын гурав дахь Ерөнхий сайд ажиллаж байгаа. Гэвч Монгол Улсын 35 дахь, МАН-ын энэ сонгуулийн хугацааны гурав дахь Ерөнхий сайд Н.Учрал 2028 оныг хүргэхгүй шинжтэй.
АН-ынхан Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлага тавьсан. Салбарт нь цэргийн амь үрэгдсэний хариуцлагыг түүнээс нэхсэн. Харин Ерөнхий сайд Н.Учрал Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг солих сонирхолгүй байгаа бололтой, ямар нэг хариу үйлдэлгүй өнөөг хүрэв. Харин АН-ынхан Д.Батлутын асуудлаар шаардлага тавихдаа, хэрэв Ерөнхий сайд Н.Учрал арга хэмжээ авахгүй бол өөрийг нь өргөн барина гэсэн. АН-ынхан хэлсэндээ хүрэхээр шийдсэн тухай мэдээлэл улс төрийн хүрээнд таржээ.
Тус намаас энэ долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах арга хэмжээг зохион байгуулж УИХ-д өргөн барих гэнэ. Энэ зөвхөн АН-ын улс төр биш. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг АН УИХ-д оруулаад ирвэл МАН-аас маш дуртай кнопдох гишүүд цөөнгүй байгаа. Н.Учралыг огцруулах санал орж ирээд УИХ-аар хэлэлцвэл дэмжих магадлал өндөр гэсэн үг. Тиймдээ МАН ч бэлтгэлээ хангаад авчээ. Н.Учралын дараа Монгол Улсын 36 дахь, МАН-ын дөрөв дэх Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Болдын Жавхланг сонгохоор тохирсон байна.
Б.Жавхлан 2016 оноос хойш 3 удаа УИХ-д сонгогдсон. УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга, Төсвийн байнгын хорооны дарга байсан. Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилладаг. 2022-2026 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын танхимд Сангийн сайдаар ажилласан. УИХ-д сонгогдохоосоо өмнө Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч, Монголбанкны хянан шалгагчаас тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүртэлх албан тушаалыг хашсан. МУИС-ийг банкны эдийн засагчаар, АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус дүүргэсэн. Түүнийг өнөө цагийн эдийн засгийн уналт, төсвийн хямралыг зохицуулах боломжтой хэмээн МАН-ынхан үзэж буй юм байна.
М.Бат-Эрдэнэ