Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд барьж буй орон сууцын барилгад өнгөрсөн баасан гарагт 18.30 цагийн үед гал гарчээ. Тухайн барилгын эргэн тойронд автомашины зогсоолгүй, нарийн замын хоёр талаар тээврийн хэрэгсэл тавьсан байсан тул гал унтраах автомашин арай ядан багтаж, тус барилгад хүрсэн байна. Энэ талаар онцгой байдлын байгууллагаас тодруулахад “Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, нэг цаг орчмын дараа түймрийг бүрэн унтраасан” гэв.
Сүүлийн үед орон сууцын айл өрхийн цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан галын дуудлага нэмэгдэж буй тул сэрэмжтэй байхыг албаныхан сануулав. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд энэ сарын 3-5-ны хооронд орон сууцын хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар, хогийн суваг шатсан долоон дуудлага бүртгэгджээ. Энэ он гарснаас хойш нийслэлд орон сууцын хороололд гал гарсан 293 дуудлага бүртгэгдэж, нэг хүн нас барж, хоёр иргэн түлэгдсэн байна. Утаажилтын бүсээс алба хаагчид 337 хүүхэд, насанд хүрсэн 738 хүнийг гаргаж, аюулгүй газарт хүргэжээ.
Иймд иргэд гэр орон, орчин тойрныхоо галын аюулгүй байдлыг хангаж, цахилгаан хэрэгсэл, чүдэнз, лаа, зул, арц, хүж зэргийг бүрэн унтарсан, эсэхийг шалгаж, ил гал гаргахгүй байхыг анхааруулав. Мөн барилгын аврах зам, гарцыг чөлөөлж, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, хэвийн ажиллагааг хангахыг санууллаа.
Ч.Туяа