Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)оос өнгөрсөн баасан гарагт “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл” дэх “Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал” бүлгийн хүрээнд хийсэн дүгнэлт, саналаа олон нийтэд танилцуулав.
Тус комиссын гишүүн Г.Нарантуяа “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалсан нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах нь Монгол Улсын иргэний үндсэн эрх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, төрийн үйл хэрэгт оролцох зэрэг бусад эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх суурь нөхцөл. Нийтэд ил мэдээллийн тоо нэмэгдэж буй нь сайшаалтай ч энэ нь мэдэх эрхийн бодит хэрэгжилт биш. “Хууль ба ардчилал төв” ТББ болон “Глоб интернэшнл” төвтэй хамтран “Мэдээлэл авах эрхийн үнэлгээ”-г тодорхойлохдоо 20 байгууллагыг хамруулсан. Төрийн байгууллагууд иргэнд аливаа асуудлаар мэдээлэл өгвөл асуудалд орох юм шиг ойлгож, болгоомжилдог, мэдээлэл өгөх талаар хуулиар хүлээсэн үүргээ төдийлөн мэддэггүй зэрэг нийтлэг шалтгаан байна” хэмээсэн.
Түүнчлэн төрийн нууцад хамааруулж буй мэдээллийн хүрээ хэт өргөн, шалгуур нь тодорхой бус, нийтийн эрх ашигт хамаарах мэдээллийг төрийн нууцаас гаргах, ил болгох зохицуулалт хангалтгүй, нууцад хамааруулах шийдвэрийг хянах төрийн байгууллагуудын дотоод механизм сул, Эрүүгийн хууль дахь “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо сэтгүүлч, хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааны онцлогийг үл харгалзсан гэдгийг онцолсон. Үүнээс гадна төрийн байгууллагуудын мэдээлэл нэгдсэн бус, тархмал эх сурвалжид байршсан, мэдээллийн сангийн нэгдсэн зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах стандартгүй байгааг мөн дурдав.
Мэдээлэл хайх, хүлээн авах иргэний үндсэн эрхийг хангахад чиглэсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай зэрэг 20 орчим хууль өнөө хүчин төгөлдөр үйлчилж буй. ХЭҮК эл илтгэлээ зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, шийдвэр гаргуулахаар 60 санал боловсруулж, өнгөрсөн гуравдугаар сард УИХ-д хүргүүлсэн. Харин өнгөрсөн сарын 26-нд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус илтгэлийн тогтоолын төслийг дэмжсэн юм.
Д.Хэрлэн