“Таны ХААН банкны данснаас 320 сая төгрөг хууль бусаар эргэлдүүлж байна. Гэмт этгээдийг бид гэрээс нь баривчилсан” гэх мэтээр хуулийн байгууллагын нэр барьж, иргэдийг залилан мэхлэх болжээ. Тухайлбал, цагдаа, прокурорын байгууллагын нэрээр албан утаснаас дуудлага илгээж, “Та залилах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй байна, дансаар тань их хэмжээний мөнгөний гүйлгээ хийгдсэн тул хөрөнгийг битүүмжлэх, царцаах шаардлагатай. Өөр данс руу шилжүүлж, байршуулна уу, байгууллагын дансанд шилжүүлбэл аюулгүй” гэх зэргээр иргэдийг хуурч, залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн үед цөөнгүй бүртгэгдэж буйг УПЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлэв. Хууль сахиулах байгууллагын дугаарыг хуурамчаар харагдуулан, залилан мэхлэхийг олон улсад caller ID spoofing гэж нэрлэдэг аж. Иймд өөр ямар нэгэн арилжааны банкны данс илгээж, мөнгө шилжүүлэх, мөн таны мэдээлэлд нэвтрэх зорилгоор баталгаажуулах код илгээсэн гэх мэт сэжигтэй дуудлагыг бодитой, эсэхийг шалгаж, нягтлахыг сануулав.
Ч.Болор