Узбекистаны Самарканд хотод үргэлжилж буй 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиад өндөрлөх дөхөж байна. Манайхаас эрэгтэйчүүдийн баг VI өрөгт Панамын тамирчдад 1.5:2.5 оноогоор ялагдав. Нэг, хоёрдугаар ширээнд суусан их мастер С.Билгүүн, М.Амилал нар хожигдож, олон улсын мастер Г.Амартүвшин гуравдугаар ширээнд ялж, Ү.Агьбилэг дөрөвдүгээр ширээнд тэнцжээ. Тэд зургаан өргийн дараа тус бүр гурван хожил, хожигдлоор зургаан оноотой 82 дугаар байр руу ухарлаа. Дараагийн тойрогт манай шатарчид Уганда улсын багтай өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн багаас Узбекистаны тоглогчид нэг ч ялагдалгүй тэргүүлж буй бол БНХАУ, Армений шигшээ араас нь нэхэж байна.
Эмэгтэйчүүдийн баг Ираны тамирчидтай хөлөг дээр ширүүхэн “тулалдаж”, 3:1-ээр буулган авсан. Эхний ширээнд олон улсын мастер Б.Мөнгөнзул, гурав дахь ширээнд Х.Баясгалан, дөрөв дэх ширээнд их мастер Б.Мөнгөнтуул нар ялалт байгуулж, хоёр дахь ширээнд их мастер Т.Мөнхзул хожигдсоноор таван хожил, нэг ялагдалтай 10 оноо авч, 12 дугаар байр руу дэвшсэн. Манайхан маргааш 11 дүгээр байрт жагсаж буй Францын багтай тоглоно. Энэ удаа эмэгтэйчүүдээс Хятад, Казахстаны шигшээ хошуучилж буй.
Сонирхуулахад, Монголын эмэгтэй шатарчид Энэтхэгийн Ченнай хотод 2022 онд болсон 44 дүгээр шатрын олимпиадад 160 орны багаас 15 дугаар байр эзэлж, Б.Мөнгөнзул дөрөвдүгээр ширээнд алтан медаль хүртэж байв.