Японд эхэлсэн “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадамд Монгол Улсаас 303 тамирчин спортын 31 төрөлд ур чадвараа сорьж байна. Тэднээс дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад спорын гимнастикийн зургаан төрөлд олон улсын хэмжээний мастер Э.Өсөхбаяр олимпын аваргуудтай өрсөлдөж, нийлбэр 73.731 оноотой эхний таван байраас дөрөвт бичигдлээ. Түүнтэй хамт оролцсон “Дэлхийн цом”-ын хүрэл медальт Д.Энхтүвшин шигшээ наймд үлдэж, харайлтын төрөлд 13.216 оноо авснаар финалын шатанд шалгарав. Медалийн төлөөх өрсөлдөөн өнөөдөр, маргааш болно. Түүнчлэн тулааны спортоос ушугийн төрөлд эрэгтэйчүүдээс 56 кг-ын жинд улсын гурван удаагийн аварга Э.Энхтүвшин Тажикистаны тамирчин Сайдов Рустамыг 2:0-ээр буулган авч, шигшээ наймд шалгарснаар хүрэл медалийн төлөө Индонезийн Фэрэдди Синагатай тулалдаж, шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлжээ.
Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн баг эхний өдөр өврөөр даллах 4Х100 метрийн буухиа төрөлд (дөрвөн минут, таван секунд 81 доль), дараа өдөр нь 4Х200 метрийн буухиад (найман минут 10 секунд 37 доль,) дотоодын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэгвэл далайн гахай сэлэлтийн 200 метрт Э.Цолмон (3:41.96), Б.Амун (2:53.98), эрэгтэйчүүдээс 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд Х.Цэлмэг (2:24.24), Э.Энхмэнд (2:13.21) секундэд дотоодын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Мөн 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр Б.Энхтамир (50 cекунд 67 доль) 22, 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд Э.Ариунтамир (2:20.58) 15 дугаар байр эзэлжээ.
Ширээний теннисний тэмцээний хэсгийн тоглолтод эрэгтэйчүүдийн баг Д хэсэгт БНСУ-ын шигшээд ялагдсан ч Йемен улсын багийг 3:1-ээр илүүрхэж, эхний хожлоо авсан. Холимог хосын төрөлд А.Билгүүн, С.Анхмаа нар Непалын тамирчдыг мөн 3:1-ээр буулган авч, Мальдивын хос тоглогч Муса Ахмед, Айшат Назим нартай өрсөлдсөн ч 3:2-оор хожигдон тоглолтоо өндөрлүүлжээ. Эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ ганцаарчилсан төрөлд Лаосын тамирчныг 4:0-ээр илүүрхэж, тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Буудлагын тэмцээний 10 метрийн урт бууны холимог багийн төрөлд 17 орны тамирчинтай ОУХМ Б.Эрхэмбаяр, О.Есүгэн нар цэц сорив. Азийн наадмын хөтөлбөрт гурав дахь удаагаа багтаж буй тус төрөлд Монголын баг нийлбэр 624.4 оноогоор 11 дүгээр байр эзэллээ. БНХАУ-ын баг 638.9 оноогоор дэлхийн дээд амжилтыг шинэчлэн, урьдчилсан шатанд тэргүүлсэн байна.
Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийн баг хэсгийн эхний тоглолтод Филиппиний тамирчдад 12:19-өөр ялагдаж, дараагийнхад Казахстаны шигшээг 13:8, сүүлийнхэд Шри Ланкийн тоглогчдыг 21:11-ээр хожив. Тэгвэл эмэгтэйчүүд эхний хоёр тоглолтод Тайванийн шигшээд 67:76, БНСУ-ын багт 61:88-аар хожигдож, сүүлийнхэд Малайзын тамирчдыг 89:81-ээр илүүрхсэн юм.
Волейболын тэмцээнд эмэгтэйчүүдийн баг сүүлийн тоглолтод Непалийн шигшээг хожиж 11-р байр эзэлжээ. Дугуйн тэмцээний ганцаарчилсан төрөлд Монголын багийн шагналын салхийг хагалсан Азийн наадмын хошой хүрэл медальт, ОУХМ С.Жамбалжамц эрэгтэйчүүдийн бөөн гараат уралдаанд 157.6 км замыг (дөрвөн цаг 16 минут, 54 доль) туулж, IV байрт оржээ. Энэ удаа тус төрөлд Казахстаны тамирчин Алексей Люценко, Евгений Федоров нар эхний хоёр байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн бөөн гараат уралдаанд 40 тамирчин хурд сорьсноос ОУХМ Ц.Солонго 33, спортын мастер Г.Энхжин 17 дугаар байр эзэлжээ.