Монголд го тоглодог залуу тамирчин цөөнгүй бий. Тэднээс “Мигман” клубийн тамирчин, II дантай Б.Мэндсайхан олон улсын тэмцээнд нэг бус удаа оролцож, амжилтаа ахиулсаар байна. Дасгалжуулагч Ц.Хатанбаатарын удирдлагад бэлтгэл сургуулилалтаа базааж, УАШТ-д түрүүлсэн тэрбээр 46 дахь удаагийн дэлхийн сонирхогчдын гогийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлж оролцох эрх гардсан юм. БНСУ-ын Мүнгён хотод зохион байгуулсан дээрх тэмцээнд найман өрөг тоглосноос гурав хожиж, тав ялагдан, 41 дүгээр байрт оров.
53 улс, бүс нутгийн шилдэг тоглогчид өрсөлдсөн эл тэмцээн нь олон улсынхаас хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Тэрбээр томоохон тэмцээний өмнө гог өндөр түвшинд хөгжүүлсэн Азийн орнуудаас БНСУ, Япон, Хятад улсад цахим платформ, хиймэл оюуны (AI) дүн шинжилгээний программуудыг ашиглан тактикийн бэлтгэлээ хийдэг аж.