АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл энэ сарын 22-нд эхлэв. Уг хурлын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдлын талаар үг хэллээ. Тэрбээр НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцолсон юм. НҮБ-ыг хэр үр дүнтэй байгууллага байлгах, ямар дорвитой арга хэмжээ авах, улс түмнүүд хэрхэн хүчээ нэгтгэх нь гишүүн улс орнуудаас хамаарна гэдгийг Ерөнхийлөгч сануулсан. Түүнчлэн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйг зарласан байна.
Энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэлд 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож, “Итгэлцлийг сэргээн тогтоож , шилжилтийг удирдан чиглүүлж , бүгдэд хүртээмжтэй НҮБыг цогцлоох нь ” сэдвээр зохион байгуулж буй. Үүнээс гадна “Бүс нутгийн мөргөлдөөн ба геополитик”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ ба тогтвортой хөгжил”, “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба шинээр гарч ирж буй сорилтууд”, “Хиймэл оюун ухааны засаглал”, “Хүний эрх ба нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр өндөр түвшний хуралдаан, хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна.
Мөн анхаарал татаж буй бас нэг асуудал бол НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх тухай юм. Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлчээр дуусгавар болно. Тиймээс уг албан тушаалд Мишель Бачелет, Рафаэль Гросси, Ребека Гринспан, Маки Саль, Мария Фернанда Эспиноса нар нэр дэвших талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Нэр дэвшигчийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал болгосны дараа Ерөнхий Ассамблей батална.
Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 15 орлогч даргын нэгээр ажиллаж байна.
С.Уул