Дани улс Европын Холбооны түүхэнд анх удаа нүүрстөрөгчийн хийг арилжааны зориулалтаар хадгалах байгууламжийг далайн ёроолд нээлээ. “Greensand future” төслийн хүрээнд бий болгосон энэхүү байгууламжийг судлаачид “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд эргэлт авчрах дэд бүтэц” хэмээн онцолж байна.
Тус байгууламж нь Данийн Эсбьерг боомтын ойролцоо, Хойд тэнгисийн мандалд, ашиглалтаас гарсан Нини вест газрын тосны ордын гүнд байрладаг аж. Төслийг удирдан хэрэгжүүлэгч INEOS компани нүүрстөрөгчийн хийг эхний ээлжид биометан үйлдвэрүүдээс цуглуулж, цаашид Европын бусад орноос хил давуулан тээвэрлэхээр төлөвлөж буйгаа зарлажээ. Ингэхдээ хийг шингэн төлөвт шилжүүлж, далайн ёроолоос 1800 метрийн гүнд байх элсэн чулуулаг бүхий давхаргад шахаж хадгалах технологийн горим боловсруулсан аж. Төслийн эхний үеүдэд жилд ойролцоогоор 400 мянга, найман жилийн хугацаанд багадаа 2.4 сая тонн нүүрстөрөгчийн хийг далайн гүнд тусгаарлахаар тооцжээ. Харин 2030 он гэхэд эл байгууламжийг өргөжүүлж, жилдээ 4-8 сая тонн хий хадгалах хүчин чадалтай болгох гэнэ. Энэ нь Дани улсын жилд ялгаруулдаг нийт хүлэмжийн хийн 13 хувьтай дүйцэх хэмжээний дүн юм байна. Дэлхий дахины анхаарлыг татаад буй энэхүү өвөрмөц “үйлчилгээний” байгууламж нь хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг улс орнууд, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаанаас ялгарсан химийн хорт нэгдлүүдээ төлбөр төлж хадгалуулах, устгуулах боломж олгохын зэрэгцээ нүүрстөрөгчийн зах зээлээс санхүүжилт татах шинэ замыг нээж байгаагаараа онцлог гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлжээ.
Н.Дүүл