“Улс төрийн санхүүжилтийн ил тод байдалхяналт” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалтыг СЕХ-ноос өчигдөр зохион байгуулав. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар баталсан Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эл уулзалтыг хийсэн байна. Уг тогтоолд улс төрийн санхүүжилттэй холбоотой бүхий л мэдээллийг ил тод болгох, авлигын эсрэг болон цагдаа, прокурор, сонгуулийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, үүний тулд цахим систем ашиглах талаар тусгасан аж. Монгол, Норвеги, Албани, Дани улс хамтран дээрх тогтоолыг санаачилсан юм. Засгийн газар үүний хүрээнд тусгай төлөвлөгөө боловсруулжээ. Манай улсын Сонгуулийн төв байгууллагаас улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой мэдээллийг цахимаар бүртгэж, тайлагнах, хянах, ил тод байдлыг хангах системийг бүрдүүлээд буй.
Дугуй ширээний уулзалтаар улс төрийн санхүүжилтийн ил тод байдалд хяналт тавих, хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий хяналтын, сонгуулийн удирдлагын, авлигатай тэмцэх болон аудитын байгууллага, энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн төлөөлөл, судлаачид оролцож, харилцан туршлагаа солилцож байгаа юм. “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал: Дэлхийн улс орнуудын төлөв байдал” сэдвээр гол хэлэлцүүлэг өрнөв. Түүнчлэн үндсэн илтгэлийг Транспэрэнси интернэшнлийн Улс төрийн шударга байдлын бодлогын ахлагч Хорхе Валладарес “Дэлхийн стандарт ба Азийн улс төрийн санхүүжилтийн төлөв” сэдвээр тавьсан юм. Улмаар оролцогчид ил тод байдлыг хангахад тулгамдаж буй асуудлаа ярилцлаа. Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаснаар авлигаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж тэд үзэж буйгаа илэрхийлэв.