Турк улсын Истанбул хотод болсон пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй манай улсын эмэгтэй тамирчдаас “Strong club”-ийн Б.Шинэчимэг 76 кг-ын жинд хэвтээ шахалтын төрөлд түрүүлж, тивийн аваргаар тодорлоо.
Дотоодын тэмцээнд түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарсан тэрбээр 2023 онд Өмнөд Африкт болсон Номхон далай, Африк, Ази тивийн орнуудын хүндийг өргөлт, пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг Ази, Номхон далай, Африкийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн билээ. Дараа жил нь Киргизийн Бишкек хотыг зорьж, Азийн АШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн бол 2025 онд Кипр улсын “Classic powerlifting” олон улсын тэмцээнд оролцохдоо жингээ ахиулан, 84 кг-д алтан медалийн эзэн болсон юм.