Загасны тоо толгой, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах зорилгоор томоохон гол, нууруудын ёроолд суурилуулсан дохиолол дамжуулагч төхөөрөмжүүдийг иргэд санаатай болон санамсаргүй байдлаар хөндөх, татаж гаргах тохиолдол сүүлийн үед байнга гарч байгааг Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс анхаарууллаа.
Тус байгууллагынхан америк, швед эрдэмтэдтэй хамтран 2019 оноос Монголд энэ чиглэлийн судалгаа, хяналт мониторингийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм байна. Үүний хүрээнд мэдээлэл цуглуулах явцад төхөөрөмжийг хөндөж, татан гаргаснаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүд гарч буй аж. Иймд орон нутгийн иргэд, загасчдыг томоохон гол, нууруудын ёроолд суурилуулсан судалгааны зориулалттай төхөөрөмжүүдийг хөндөхгүй, оролдохгүй байхыг анхааруулав. Тус төхөөрөмжүүдийг судалгааны буюу дата өгөгдөл цуглуулахаас өөр зориулалтаар ашиглах боломжгүйг ч экологичид хэллээ. Түүнчлэн гол, нуурын ойр орчмоос төхөөрөмж, хэрэгсэл олсон тохиолдолд Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн цахим хуудсаар дамжуулан байршлыг нь мэдээлэхийг уриалав.
Н.Мишээл