2026 оны намар 497.1 мянган тонн улаан буудай, 168.2 мянган тонн төмс хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн билээ. Тэгвэл эл таамаглал өдгөө цөөнгүй шалтгаанаар 70 хувь болж буурчээ. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Улсын хэмжээнд үр тарианы хураалт 20 гаруй, төмс, хүнсний ногооных 35-55 хувьтай үргэлжилж байна. Өнөө жилийн тухайд ургац хураалт 7-10 хоног хоцорч эхэлсэн” гэж мэдэгдэв. Түүнчлэн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс таримлын болц аль эрт жигдэрсэн байхад ургац хураалтыг хугацаа алдаж эхлүүлснийг шүүмжлээд, богино хугацаанд хураан авах технологийн зөвлөмж гаргажээ.
Улсын хэмжээн дэх ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээл хураан авах төлөвтэй ч баланс дээр дурдсанчлан бага зэрэг буураад буй юм. Манай улс улаан буудай, төмс, хүнсний ногооны хангамжийг сайжруулах, үнэ тогтворжуулах зорилгоор энэ намрын ургацаас 100 мянган тонн улаан буудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхээр санхүүжилтийг төсөвт тусгаад байгаа.
Гэвч ургац хураалт эдүгээ зорилтот хэмжээнд төдийлөн хүрээгүй атал Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар, ялангуяа газар тариалангийн бүсэд цочир хүйтрэхийг сэрэмжлүүлсэн билээ. Тодруулбал, 26-29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох тул ургац, тариа ногоо хураах ажлыг цаг алдалгүй эрчимжүүлэхийг зөвлөв. Мөн техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалах, тээвэрлэх явцад хүйтнээс хамгаалах арга хэмжээ авахыг санууллаа.
О.Ундрах