Эдүгээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 нам манай улсад бий. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд намуудыг “цэвэрлэж” цөөлсөн нь энэ. Тэгвэл дээрх жагсаалт дахин нэмэгдэх, эсэх нь маргаантай болжээ. Учир нь Үндсэн хуулийн 191 дүгээр зүйлийн хоёрт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” хэмээн тусгасан. Уг нь 2019 онд оруулсан өөрчлөлт хэдий ч хэрэгжүүлэх хугацааг нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс байхаар зохицуулжээ. Эл хугацаа тулаад ирсэн учраас ч юм уу, улс төрчид, судлаачдын анхааралд дээрх заалт дахин “өртсөн” байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн дагуу 801-ээс доошгүй гишүүний бүртгэлд үндэслэн нам байгуулах хүсэлтээ гаргаж болдог. Гэхдээ жил гаруйн дараагаас энэ босго нь нийт сонгогчийн нэг хувь буюу 20 гаруй мянган хүн болж өндөрсөх нь. Тиймээс “Эвлэлдэн нэгдэх эрхийг боомилж байна”, “Хойч үеэсээ ардчиллыг булаалаа” гэх мэтээр шүүмжлэл ихсэв.
50 МЯНГААС БУУЛГАСАН “ТОХИРОЛЦОО”
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилгыг 2019 онд хоёр субъектээс гаргаж байсан юм. Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд болон тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Ижил агуулгатай төслийг хэлэлцүүлгийн явцад нэгтгэдэг жишгээр эдүгээ мөрдөж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан гэсэн үг. Гэхдээ нам байгуулах босгыг өндөрсгөх саналыг Ерөнхийлөгч асан анх санаачилсан аж. Тэрбээр мөн оны долоодугаар сарын 16-нд өргөн барьсан төсөлдөө “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 50 001-ээс доошгүй тооны иргэн нэгдэж нам байгуулна” хэмээн оруулсан байна. Үүнд нь “Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж заасан аж. Ямар тооцоо, үндэслэлээр ийм тоо гаргаж ирсэн нь ч тодорхой бус. Энэ талаар улс төр судлаач Э.Гэрэлт-Од “2012 онд ОХУ-ын нэгэн мужид нам байгуулахын тулд 50 мянгаас багагүй иргэний гарын үсэг цуглуулсан байх зохицуулалт оруулсан юм билээ. Х.Баттулга Ерөнхийлөгч үүнээс л санаа авсан болов уу. ОХУ хожим нь тэр заалтаа цуцалсан” хэмээсэн. Үнэндээ энэ талаар санаачлагч өөрөө ч тухайн үед тодорхой үндэслэл хэлээгүй, судалгаа танилцуулагүй юм.
Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа улс төрийн нам, судлаачид, иргэдийн нийгмийн төлөөллөөс санал авсан. Тухайн үед ажлын хэсэгт багтсан, саналаа өгч байсан жижиг намын төлөөллүүд болон судлаач нар дээрх заалтуудыг эсэргүүцсэн юм билээ. Гэхдээ авч хаяж чадаагүй, бараагүй гэнэ. Оронд нь УИХ-ын ажлын хэсэг босгыг арай “зөөлрүүлж”, одоогийн хувилбарыг тусган батлуулжээ. Манай улс сонгуулийн насны хоёр сая гаруй иргэнтэй. Тэдний нэг хувь гэдэг нь 21-25 мянган иргэн гэсэн үг. Өнөөх 801 гэдэг тоог бараг 30 дахин нэмсэн шалгуур юм.
2019 онд УИХ-д МАН үнэмлэхүй олонхоор засаглаж байсныг санах хэрэгтэй. Харин Ерөнхийлөгч нь АН-аас нэр дэвшиж сонгогдсон хүн байв. Гэвч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь шинээр нам байгуулах босгыг огцом 50 001 болгон өндөрсгөх санал оруулж, МАН-ынхнаас бүрдсэн парламент 20 хэдэн мянга руу буулгаж өгч гийгүүлсэн аж. Үүнийг гуравдагч хүчний намын төлөөллүүд, судлаачид “Том намуудын ашиг сонирхол шингэсэн заалт” хэмээн үзэж байна. Тэд Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт гуравдагч хүчнийхнээс бэлгэдлийн төдий санал аваад, шийдвэрээ харин өөрсдийнхөөрөө гаргасан нь энэ. Нам заавал улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг ч “жижиг” намынхан эсэргүүцсэн учраас “Улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэсэн агуулгаар өөрчилж оруулсан юм билээ.
НЭГ ХУВИЙН БОСГЫГ ХЭДЭН НАМ ДАВАХ ВЭ
Улс төрийн намууд шинэ хуулийн дагуу жилд хоёр удаа санхүүгийн тайлангаа СЕХ-нд танилцуулж, олон нийтэд ил тод мэдээлдэг болсон. Намын санхүүжилт нь гишүүдийн татвар, өөрийн болон үйл ажиллагааны орлого, төрийн дэмжлэгээс бүрддэг. Манай улсын хамгийн том нам болох МАН 316 735 гишүүнтэй. Гэхдээ тэднээс гишүүний татварт 2025 онд 38 877 төгрөг хурааж авсан тухай тайланд нь бичжээ. Гишүүн нь дотроо энгийн, сонгуульт гэж ялгаатай. Сонгуульт гишүүдээсээ бол нэг сая 90 мянган төгрөгийн татвар хуримтлуулсан аж. Энэ оны эхний хагас жилийн тайланд гишүүний татварын хэсэг нь бүр хоосон, сонгуульт гишүүдээсээ 431 мянган төгрөг л хураажээ. АН 201 мянган гишүүнтэй ч энэ оны эхний хагаст 2.6 сая төгрөгийн татвар гишүүдээсээ авсан байна. Эрх баригчдын дэргэд сөрөг хүчний гишүүд арай идэвхтэй юм. Гэхдээ л нийт гишүүнийх нь тоонд харьцуулахад хангалтгүй.
21-25 мянган гишүүн цуглуулж шинэ нам байгуулах нь бүү хэл, эдүгээ бүртгэлтэй 31 намаас хэд нь эл босгыг хангахуйц гишүүнтэй вэ гэдгийг харчихад л юмс ойлгомжтой болох юм. Үндэсний эвслийг бүрдүүлэгч Монголын ногоон нам 25 мянга, МҮАН 2300 гишүүнтэй гэж СЕХ-нд өгсөн санхүүгийн тайландаа бичжээ. ХҮН нам 30 мянган гишүүнтэй гэж ярьдаг ч уг тайланд ердөө 1800 хүн “торойж” байх юм. Тэгэхээр парламентад суудалтай намууд нь ч гишүүнийхээ тоогоор бол институц байж дийлэхгүй нь.
Ийм байхад шинэ төсөр намынхан тэр олон тооны хүнийг хаанаас “олох” вэ. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл энэ талаар “Намын гишүүн гээд яаж ийгээд босго давсан тоо гаргаад өгч болох байх. Гэтэл баталгаажуулах шатандаа тэнцэх үү. МАН голдуу угшилтай хүмүүс энэ үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд 7-8 хүн нэрээ дэвшүүлсэн нэг жишээ бий. Тус улсад Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихийн тулд хоёр сая иргэний дэмжлэг хэрэгтэй гэсэн босго тогтоожээ. Нэгэн хүчтэй өрсөлдөгч 2.1 сая хүний гарын үсэг цуглуулаад өгч. Гэтэл “Үүний чинь 200 мянга нь буруу, бүртгэл будилаантай байна” гээд хасчихсан. Манайд ийм зүйл болохгүй гэх баталгаа үгүй” гэлээ.
Үнэндээ нам байгуулахад эвлэлдэн нэгдэх хүмүүсийн босгыг өндөрлөхөөс ч өмнө буюу эдүгээ ч Дээд шүүхэд бүртгүүлнэ гэдэг нь өөрөө “алаан” хэвээр байгаа. Улс төрийн намын тухай хуулийн дагуу үндсэн дүрэм, хөтөлбөрөө дахин боловсруулж бүртгүүлэх гэж л нэг нам дунджаар 4-5 удаа материалаа буцаалгасан. Хамгийн сүүлд Дээд шүүхэд бүртгүүлсэн Либертари намынхан гэхэд л бараг гурван жил хөөцөлдөж, буцаагдаж байж өнгөрсөн гуравдугаар сард нэг албажууллаа. Энэ тоолонд л Дээд шүүх үзэмжээрээ хандлаа, боолоо гэсэн гомдол, шүүмжлэл дагадаг. Гэтэл одоо 801 биш, 21-25 мянган хүн цуглуулах, дараа нь үүнийхээ бүртгэл, мэдээлэл үнэн зөв гэдгийг нотлохын тулд хэдэн жил зарцуулах ч юм. Тодорхойгүй хуулийн заалт, хүнд сурталд автсан тогтолцоо л болж байна. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал энэ талаар “Үндсэн хуульд масс гишүүнчлэлийг тусгасан нь залуусыг үргээж, улс төрд оролцох боломжийг хааж байна. Энэ бол зөвхөн хуучны намуудыг үлдээх гэсэн үр дагавартай заалт. Хойч үеэсээ ардчиллыг булаах нь” гэжээ. Түүний ажлын албанаас уг асуудлаар “Эвлэлдэн нэгдэх эрх” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүнд оролцсон хуульч, судлаач, иргэний нийгмийн болон намуудын төлөөлөл “Дээрх заалтыг хүчингүй болгох ёстой” гэдэг дээр санал нэгдэнэ лээ.
САЛАА УТГАТАЙ ҮГ
Намд гишүүн, дэмжигч гэсэн ерөнхий хоёр ойлголт бий. Харин Үндсэн хуулийн заалтад эдгээр үгийн аль нь ч алга. Гагцхүү “Эвлэлдэн нэгдэж байгуулна” хэмээн бөөрөнхийлөөд орхижээ. Хуульд гишүүн гэж заагаагүй, хэдэн хүн эвлэлдсэнээ яаж батлах зохицуулалт нь ч үгүй нөхцөлд шинээр нам байгуулахад хаалт тавилаа, эрхийг боомиллоо гэж үзэх нь өрөөсгөл гэх судлаачид ч бас байна.
Одоо мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулийн 12.3.6-д “Намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл (ургийн овог, эцэг, эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг” хэмээн тодорхой бичсэн байдаг. Дээрх тооны гишүүнийх нь бүх мэдээллийг шалгаж, нягталдаг. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөд ийм нарийн дэг алга. Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувьтай тэнцэх тооны хүн эвлэлдэн нэгдсэн гэдгээ яг яаж баталгаажуулах юм, бүү мэд. Хуулийн заалтыг хэрэгжүүлэх хугацаа дөхөөд ирэхээр “нэг юм бодож олох” юм болов уу.
ИЙМ ӨНДӨР ШАЛГУУРТАЙ УЛС ДЭЛХИЙД ӨӨР БАЙХГҮЙ
Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан атлаа хэрэгжүүлэх хугацааг нь яагаад есөн жилийн дараа тавьсан бэ. Тэгвэл тухайн үед ажлын хэсэгт багтсан судлаачид, хамгийн гол нь Европын хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комиссоос албан бичиг ирүүлж, шаардаж байж хорвоод үгүй дээрх заалтын хэрэгжих хугацааг ийнхүү хойш нь тавьсан түүх бий юм билээ.
Мөн олон улсад нам байгуулахад гишүүний тоо, босго заадаг нь ховор аж. Босго тогтоосон орнуудад эл тоо нь бэлгэдлийн төдий байдаг. Тухайлбал, Болгарт 50, Польшид 15, Финландад 5000, Австри болон Тайландад 500 гэх мэтээр босго тавьжээ. Хамгийн өндөр нь 5000 гишүүний босготой юм байна. Манай улс төрчдийн жишээ авах дуртай ХБНГУ-д ч ийм босго үгүй. Үнэндээ Европын орнуудын дундаж жишгийг аваад үзэхэд одоо мөрдөж буй хууль дахь 801-ээс доошгүй гэдэг тоо ч өөрөө өндөр аж. Гэтэл үүнийгээ 21-25 мянга болгон өндөрсгөсөн улс дэлхийд манайхаас өөр алга. Залуус үзэл бодлоороо нэгдээд, холбоо үүсгээд явж болно гэдэг ч улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй ганц төрийн бус байгууллага нь нам. Тиймээс шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэхийн тулд нам байгуулахаас өөр гарцгүй. Гэтэл эвлэлдэх эрхийг нь хуулиар боочихсон байдаг. Уг нь ардчилсан улс юм шүү дээ, Монгол. Үндсэн хуульдаа хүн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж зааснаа уг боломжийг нь хаах оролдлого хийсэн нь орон, гаран хүн мэт. МАН, АН гэсэн хоёр гол нам л мөнхөд оршин тогтнох санаархалтайгаар шинэ улс төрийн хүчнүүдэд хаалт тавьсан заалтыг манай улс ямар ч байсан Үндсэн хуульдаа тусгачихжээ. Тэр нь нарийвчилсан заалтгүй, бөөрөнхий байх нь хамаагүй. Эвлэлдэн нэгдэх эрхийг хорих, хаахаар оролдож. Тиймээс үүнийг хэрэгжүүлэх хугацаа нь тулахаас өмнө цуцлахгүй бол дэлхийд шившиг болж мэднэ.