Цоожтой хаалганы цаана гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийн гунигт амьдралыг өгүүлсэн “Гэр бүлийн хөрөг” бүтээлээ найруулагч Б.Чингүүн Лондоны богино хэмжээний наадамд сойжээ.
“Аврора филмс” студийн эл бүтээлд гол дүр бүтээсэн, өдгөө 11 настай У.Цасжин хүчирхийлэлд өртсөн охины сэтгэлзүйг чадварлагаар бүтээсэн тул шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшсэн байна.
Энэ төрөлд 100 гаруй уран бүтээлч өрсөлдөж, зургааг нь шилдэгт нэр дэвшүүлсний дөрөв нь насанд хүрсэн жүжигчин гэнэ.
Олон нийтийн хүслийг харгалзаж шилдгээ тодруулах бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл фэйсбүүк, твиттер, инстаграмм хаягаар санал хураах аж.
“Цоглог” студийн жүжигчин У.Цасжин энэ зун олны хүртээл болсон “Хөгжилтэй гэр бүл” олон ангит кинонд тогложээ.
Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан “Сэрүүн хасын нууц”-ын Сюэкө бүсгүйн охины дүр бүтээсэн нь эмгэнэлт жүжигт хүүхэд тоглосон Монголын анхны тохиолдол юм билээ.
Б.ТАЙВАН