
Улсын онцгой комиссын шуурхай штаб маргааш БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Маргааш БНСУ-аас, тавдугаар сарын 2-ны өдөр Франкфуртээс иргэдээ татан авахаар бэлтгэж байна. Гадаадад байгаа манай улсын 9900 гаруй иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн байна.
Гурван онгоцоор иргэдээ авахаар бэлтгэл хангаж байна. Ямар иргэдийг хэрхэн сонгосныг иргэд тогтмол асууж байна. Тиймээс үүн дээр тайлбар өгөх нь зүйтэй.
Иймд дөрөвдүгээр сарын30-нд Сөүл-УБ /транзит/ нийт 7 улсаас 273 зорчигч, Тавдугаар сарын нэгэнд Сөүл-УБ нийт 271 зорчигч, тавдугаар сарын 02-нд Франкфурт-УБ /транзит/ нийт 13 улсаас 263 иргэн тус тус ирэхээр болсон. Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр нийт 800 гаруй иргэн ирнэ.
Нийт 3000 гаруй иргэнээс шаардлагад нийцсэн 1750 хүмүүсээс хүсэлт ирсэн ба эндээс сонголт хийхэд Шуурхай штаб дээр ажиллаж байгаа бүхий л мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш ажилласан. Жишээ нь, хоёр сартай эсвэл зургаан сартай хөл хүнд эмэгтэйг авах уу, хорт хавдрын сүүлийн шатанд орсон хүн үү, анхан шатандаа байгаа иргэн үү, 60 настай иргэнийг авах уу, 80 настай ахмадыг авах уу гэсэн хүнд шийдвэрийг бид гаргаж байсан.Транзит нислэг хоорондын зай 24 цагаас илүүгүй байх шаардлагыг БНСУ-ын тал тавьсан. Гадаадаас халдвар импортлогдох тохиолдол нь их байгаа учир ийнхүү сэргийлэх үүднээс шийдвэр гаргажээ. Тиймээс 24 цагаас илүү хугацаатай транзит хийх зорчигчид явах боломжгүй болж байгаа юм" гэж хэлэв.