
Коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тавдугаар сарын 2-нд ХӨСҮТ болон бусад орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр гурван лабораторид нийтдээ 228 хүний шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Шинжилгээнүүдээ тодруулж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, тусгаарлах байранд байгаа 155 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 33 сорьцод шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолоочид шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. Ингээд тандалт судалгаа, шинжилгээ, эмчилгээ хийгдэж байна. Нийтдээ гурван чартер онгоцоор 800 гаруй иргэнээ авчирсан
Бельгээс ирсэн иргэний ойрын хавьтлын хүмүүсээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Гэхдээ үргэлжлэн хянах ёстой. Энэ хүн өөрийгөө коронавирусээс өвдсөн гэдгээ мэдэж байсан. Түүнийг нь бид сая мэдсэн. 50 гаруй хоночихсон учраас хэрвээ вирустэй байсан бол баахан хүнд тараана. Тиймээс бид энэ тал дээр итгэлтэй байна. Аюулгүй учраас л өнгөрсөн 50 гаруй хоног аюулгүй байсан байна. Үүнийг л гадагшаа гаргаж улс орон, иргэдийн санаа сэтгэлийг үймүүлж байна. Худал мэдээлэл вирусээс илүү аюултай. Бүгд нийлээд коронатай тэмцсэн дээр шүү дээ" гэлээ.