
Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 05-р сарын 04 ны өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн 9 сонсогчийг татан авах ажиллагааг Увс аймгийн Боршоо боомтод зохион байгууллаа.
Шалган нэвтрүүлэх боомтод Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажилласан байна.
Хилээр орж ирсэн сонсогчдоос асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүллээ. Сонсогчдоос халуурсан шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байна. Тэднийг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авчээ.
2020 оны 05-р сарын 04 ны өдрийн 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хот руу хөдлөв. Тэднийг коронавирусийн шинжилгээнд хамруулан тусгаарлах аж.
