
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээс үндэслэн ЦЕГ-ын Дотоодын хяналт, аюулгүй байдлын газраас албаны шалгалт хийж, дүгнэлт гарсан. Дүгнэлтээр цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэг зөрчлийн хэргээр шалгагдаж байх үедээ хэргийг хариуцсан мөрдөн байцаагчтай уулзахгүйгээр хэлтсийн дарга Ч.Чинбатын өрөө рүү орж хэрүүл маргаан үүсгэсэн. Ингэхдээ цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилж, албаны үйл ажиллагааг нь алдагдуулсан байна. Цагдаагийн алба хаагч өрөөнөөс гарах шаардлага тавьсан боловч сэтгүүлч Н.Өнөрцэцэг шаардлагыг үл биелүүлсэн. Тиймээс дэд хурандаа Ч.Чинбат Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу түүнийг албадаж өрөөнөөсөө гаргасан нь тогтоогдсон.
Сэтгүүлчид гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ажилладаг. Бид олон жил та бүхэнтэй хамтарч ажилласан. Та бүхний өгсөн мэдээллийг цагдаагийн байгууллага соргогоор харж, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг. Гэвч зарим нэг хүмүүс сэтгүүлч нэрээ ашиглан хүмүүс цагдаагийн алба хаагчийн эрх үүрэгт халдаж байгаа тохиолдол гаарах боллоо. Ийм асуудал дахин гарахгүй гэдэгт итгэлтэй байна" гэлээ.