
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, түүнд 4 жил 6 сарын хорих ял оноосон.
Тодруулбал, шүүх хуралдаанаар Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гэм буруутайд тооцож, 4 жил 6 сарын хорих ял оноохын зэрэгцээ Эрчим хүчний яаманд учруулсан хохирол болох 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Мөн 75 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь хураан авах шийдвэр гаргасан.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр Монгол Улсын хөгжил, эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулах, гэгээрсэн бодлого хэрэгжүүлсэний төлөө шүүгдэж байна. Түүх түүний жинхэнэ шүүгч байх болно, улс төрөөр яллах дүгнэлт биш” гэжээ.

Мөн "Монголын төлөө ад үзэгдэх эр зориг бол Монголын аврал юм. Шүүгдэх эрсдэлийг хүртэл сөрж Монголын хөгжил дэвшил, бие даасан байдлыг бэхжүүлэхийн төлөө зүтгэх нь гавьяат үйлс. Улсын бодлогыг алдаа гэж үзвэл түүнийг шүүх шүүдэггүй, түүх шүүдэг юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.
