Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг найман жилийн өмнөөс эх орондоо нутагшуулаад буй. Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөөд ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сурган чадавхжуулж, хамтарсан мэс засал эмчилгээг хийж буй юм. Энэ нь хөдөө орон нутгийн Нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг бие даан хийж эхэлснээр осол гэмтийн үед орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой.
ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар хамгийн сүүлд Завхан аймагт алсын дуудлагаар ажиллахдаа цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай өвчтөнд амь тэнссэн үеийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.
Л.Ням