Олон улсын ивэрхийн мэс заслын сан болон Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийнхэн хамтран “Ивэрхийн мэс засал, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” арга хэмжээг манай улсад 11 дэх жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч З.Сонортой ярилцсан юм. Ивэрхий өвчний эрсдэл, шалтгаан, сэргийлэх арга зам зэргийг түүнээс тодруулав.
-Олон улсын эвэрхийн мэс заслын сангийнхан болон УХТЭ-ийнхэн багагүй хугацаанд хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны гол чиглэл нь юу вэ?
-Ивэрхийн сангийн гишүүн орнуудаас мэс заслын, нарийн мэргэжлийн эмч нар манай улсад ирж, сургалт зохион байгуулдаг. Гол зорилго нь эмч нарыг чадавхжуулахад оршдог юм. Мөн мэс заслын орчин үеийн эмчилгээний арга барил хаашаа чиглэж, хэрхэн хөгжиж буй талаар туршлага солилцдог. Эл сургалтыг УХТЭ болон орон нутагт тус бүр долоо хоног зохион байгууллаа. Олон улсын эмч нар шаардлагатай хэрэглэгдэхүүнээ өөрсдөө авчирч, үзлэг, оношилгоо хийдэг. Ингэхдээ орон нутагт байгаа, нийслэлд ирж эмчилгээ, үйлчилгээ авах боломжгүй хүмүүсийг үзлэгт хамруулж, ирээдүйд гарч болох эрсдэлээс сэргийлэхэд нь тусалдгаараа онцлогтой. Бид энэ удаад ивэрхийг дурангийн аргаар эмчлэхэд голлон анхаарлаа. Мөн булчингууд руу ботокс тарьж суллан хагалгаанд бэлдэх шинэ арга, технологийн талаар хэлэлцсэн.
-Энэ удаад хэдэн орны эмч, мэргэжилтнүүд манайд ирж ажиллав?
-Австралиас гурав, Англиас нэг профессор ирлээ. Тэд долоо хоног Говьсүмбэр аймгийн эмч нартай туршлага солилцсон. Үүний дараа манай эмнэлэгт үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, сургалт явуулж дуусаад байна.
-Дээрх сангаас дурангийн мэс заслын сургалтад зориулсан төхөөрөмжүүд манайд бэлэглэсэн юм билээ. Эл төхөөрөмж манай эмнэлгүүдэд байдаг юм болов уу?
-Манай эмнэлгүүдэд үүнээс өмнөх үеийн хуучин төхөөрөмжүүд бий. Энэ удаа илүү дэвшилтэт технологид суурилсан, дурангийн сургалтад зориулсан шинэ төхөөрөмжтэй боллоо. Энэ нь яг л мэс засал хийж буй мэт орчин нөхцөлийг бүрдүүлэх боломжтой сургалтын хайрцаг юм.
-Ивэрхий өвчин голчлон ямар шалтгаанаар үүсдэг вэ?
-Хэвлийн хөндийн эрхтэн, эсвэл хананы согогоор дамжин өөх арьсан дор орохыг ивэрхий гэдэг. Энгийнээр хэлбэл, хүний биеийн дотор талд байрлах ёстой эрхтэн ямар нэг шалтгаанаар гадагшаа цүлхийж гарах юм. Энэ нь төрөлхийн, олдмол, мэс заслын дараах гэсэн үндсэн гурван хэлбэрээр үүсдэг өвчин. Түүнчлэн хэвлийн дотор болон өмнөд хананд, цээжний хөндийд гэх мэт олон төрөлтэй. Ер нь бидний биеийг гаднаас нь хааж буй булчин, арьсны эдүүдэд уут маягийн зүйл үүснэ гэсэн үг. Ихэвчлэн хэвлийн булчин суларсан хэсэгт тохиолддог. Хэвлийн булчин сунаж, тухайн хэсгээ барьж чадахгүй болсноос үүдэн цүлхийж гарсан хэсгийг ивэрхий гэж нэрлэнэ. Үүнийг хамаагүй шахах, дарах зэргээр хүчлэн оруулах нь осолтой. Ингэснээр хэвлийн дотоод даралт нэмэгдэж, уутаа бүр л томруулдаг. Ихэнх тохиолдолд булчин давхаргын завсраар хүүдий үүсгэж, нааш цүлхийдэг талтай. Улмаар нарийн гэдэс тийшээ орчихдог юм. Тэгэхээр ивэрхийн нүх том байх тусам аюул багатай гэсэн үг. Учир нь ямар нэгэн эрхтэн орлоо гэхэд нүх нь том учраас буцаад гарчихна шүү дээ. Харин жижиг байвал хүндрэлтэй, илүү аюултай. Төрөлхийн гэдэг ангилалд ихэвчлэн хүүхдийн цавь, төмсгийн ивэрхий багтана. Харин ямар нэгэн гэмтлийн улмаас шөрмөс, булчин цүлхийж гарч ирэхийг олдмол ивэрхий гэнэ. Эсвэл хэвлийн хэт таргалалттай холбоотойгоор ийм төрлийн ивэрхий үүсэж болно. Мэс заслын үед тодорхой хэмжээний зүслэг хийдэг. Энэ нь задарсан тохиолдолд мэс заслын дараах ивэрхий үүсдэг юм.
-Голчлон ямар зовуурь, шинж тэмдэг илэрдэг бол?
-Ердийн үед онцын зовуурьгүй ч бие засах, ханиах, найтаах үед төмбийдөг. Хэмжээнээсээ шалтгаалаад харилцан адилгүй шинж тэмдэг, зовуурь илэрч болно. Зарим тохиолдолд огт зовуурьгүйгээр үүсээд, томорчихсон байх магадлалтай. Хэвлий дээр нь том хэмжээтэй зүйл овойж харагдана гэсэн үг. Хэвтэх үед нь дотогшоо орчихдог. Хэрэв ямар нэгэн зовуурь, өвдөлт мэдрэгдвэл яаралтай эмчид хандаж, мэс засал хийлгэх шаардлагатай. Учир нь өвдөж байна гэдэг нь ивэрхий нүх рүүгээ орчхоод, буцаад гарч чадахгүй байгаа хэрэг юм. Энэ тохиолдолд яаралтай мэс засал хийлгэх заалттай. Эмчлүүлэхгүй удах тусам гэдэс үхжиж, улмаар тайрахад хүргэдэг аюултай өвчин.
-Ямар нэгэн зовуурь илрэхгүй байсан ч мэс засал хийлгэх шаардлагатай юу?
-Ивэрхий нь анхандаа өвдөхгүй байж болно. Гэхдээ биеийн аль нэг хэсэгт овойж, цүлхийвэл нэгдүгээрт гоо сайхны талаасаа асуудалтай шүү дээ. Хоёрдугаарт, хэрэв аль нэг эрхтэн ивэрхий рүү орж хавчигдаж, боомилогдвол аминд хүрэх эрсдэлтэй. Тухайлбал, нарийн гэдэс ивэрхий рүү ороод хавчигдчихвал тухайн хүнд нарийн гэдэсний түгжрэл үүснэ. Цаашлаад хавчигдсан хэсэг цусан хангамжгүй болж үхэждэг. Үүнээс болж хордлогод орохоос гадна дараа дараагийн хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй. Тиймээс зовуурьгүй гээд тоохгүй орхих бус, нарийн мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй юм.
-Эл өвчнийг хэрхэн оношилдог вэ?
-Хэрэв таны хэвлий, эсвэл биеийн аль нэг хэсэгт ямар нэгэн зүйл овойж харагдвал нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Мэргэжлийн мэс заслын эмч тухайн хүнд ивэрхий байгаа, үгүйг эхний байдлаар оношилно. Үүний дараа нарийвчилсан үзлэг хийнэ. Шаардлагатай тохиолдолд MRI-гаар шинжилгээ хийж, бүтцийг нь тодорхойлдог. Хаана, ямар хэлбэрийн ивэрхий үүссэнээс нь хамааран мэс заслын эмчилгээ хийх, эсэхийг шийднэ. Магадгүй мэс засал хийх шаардлагагүй хүн ч байж болно шүү дээ. Тиймээс юуны түрүүнд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо тодруулах нь чухал гэдгийг дахин хэлье.
-Ивэрхийг манай улсад бүрэн эмчилж чадаж байгаа юу?
-Манай улсад бүрэн эмчилдэг. Дээр дурдсанчлан ганцхан хэвлийн өмнөд хананы ивэрхий гэхээс илүүтэй дотор эрхтнүүдэд ч ивэрхий үүсэж болно. Тухайлбал, өрцний ивэрхий гэж бий. Улаан хоолой, ходоод хоёрыг хооронд нь холбож буй хэсэгт өрц байрлаж байгаа нүх томорсноос болж ходоод дээшилчихдэг юм. Энэ мэтчилэн бүх төрлийн ивэрхийг манай оронд 100 хувь эмчилж байна. Ер нь ивэрхийг мэс заслаар л эмчлэх боломжтой. Өөр ямар ч эмчилгээ байхгүй. Ивэрсэн хэсэг томорч, өвдөлт шаналгаа улам нэмэгдвэл мэс засал хийнэ. Мэс заслаар бүрэн эдгэрэх боломжтой. Ивэрсэн хэсгийн хэмжээ жижиг байвал эмч ажиглахыг зөвлөнө. Ивэрхийн хагалгаанд нээлттэй болон дурангийн мэс заслын аргыг ашигладаг. Дурангийн мэс засал нь нээлттэйг бодвол өвчтөнд зовуурь шаналгаа багатай, хурдан эдгэрдэг давуу талтай. Мэс засал хийхдээ цүлхийж гарсан хэсгийг дотогш нь хийж, тухайн хэсгийг бөглөдөг юм. Оёдол тавьчихвал дараа нь сэтрэх эрсдэлтэй. Тийм учраас дахин гаргахгүйн тулд тор тавьдаг. Тор нь давхар бэхэлгээ, хана нь болдог гэсэн үг. Ингэж дахин цүлхийхээс нь сэргийлдэг.
-Эрэгтэйчүүдэд ивэрхий харьцангуй их, эмэгтэйчүүдэд цөөн тохиолддог гэж сонссон. Энэ үнэн үү?
-Хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог гэж хэлэх нь учир дутагдалтай. Монголчууд, тэр дундаа эрэгтэйчүүд хэвлий хэсгээрээ таргалах нь түгээмэл. Үүнээс үүдэн хэвлийн дотоод даралт нэмэгдэж, хаана сул зай байна, түүн рүү нарийн гэдэс, сэмж чихэгдэж, ивэрхий үүсдэг. Улмаар хэвлийн хана нимгэрч, цүлхийж харагддаг юм. Түүнчлэн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол эрсдэлт хүчин зүйлд өртөх нь харьцангуй элбэг байдаг шүү дээ. Ямар нэгэн байдлаар гэмтэх, архи, тамхи хэт их хэрэглэх зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэн ивэрхийтэй болох эрсдэлтэй. Харин эмэгтэйчүүдийн тухайд жирэмслэлттэй холбоотойгоор хэвлийн өмнөд хана сунаж, улмаар ивэрхийтэй болох нь түгээмэл.
-Энэ өвчин хэдэн насныхаа дунд түгээмэл ажиглагдаж байна вэ?
-Өмнө нь настай хүмүүст түгээмэл тохиолддог байлаа. Залуучууд ивэрхийгээр өвчлөх нь харьцангуй бага байсан юм. Төрөлхийн ивэрхийг бид хүүхэд насанд нь оношилж эмчилдэг байсан. Харин олдмол ивэрхий нь ихэвчлэн ахимаг насныханд тохиолддог. Учир нь нас ахих тусам булчин, шөрмөсний үйл ажиллагаа алдагдаж, сулардаг юм. Улмаар хэвлийн дотоод даралт нэмэгдэнэ. Үүнээс үүдэн ахимаг насныхан ивэрхийгээр өвчлөх нь түгээмэл. Харин залуучуудын хувьд булчин шөрмөс харьцангуй чанга байдаг шүү дээ. Энэ нь тэдэнд ивэрхий харьцангуй цөөн тохиолдох шалтгаан нь болдог. Харин мэс заслын дараах ивэрхий аль ч насныханд тохиолдох эрсдэлтэй. Мэс заслын оёдол ямар нэгэн шалтгаанаар задарч болно. Үүнээс болоод шархных нь дээр ивэрхий үүсдэг.
-Уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Төрөлхийн ивэрхийгээс сэргийлэх боломжгүй. Харин олдмол ивэрхийн эрсдэлийг бууруулах боломжтой. Жишээлбэл, илүүдэл жингээ хасаж, хүнд зүйл өргөхдөө болгоомжтой байх, өргөхөөс зайлсхийх нь зүйтэй. Хүнд зүйл өргөх шаардлага гарвал өвдгөө нугалж, бөхийх хэрэгтэй. Ер нь амьдралын зөв дадал хэвшилтэй байснаараа олдмол ивэрхийгээс сэргийлэх боломжтой гэсэн үг. Тухайлбал, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, булчингуудаа илүү чанга байлгах хэрэгтэй. Бидний булчин нэг талаас хөдөлгөөнийг зохицуулдаг бол нөгөө талаас гаднын нөлөөллөөс хамгаалах хана болдог юм. Энэ хана чанга, бат бэт байх тусам ивэрхийгээр өвчлөх магадлал буурна. Харин мэс заслын дараах ивэрхийгээс сэргийлэх боломж харьцангуй бага. Ихэвчлэн мэс заслын техникээс шалтгаалдаг юм. Том зүслэгтэй тохиолдолд мэс заслын эмч нар бүс зүүхийг санал болгодог. Тэгэхээр бүсээ тогтмол зүүх хэрэгтэй. Мөн архи, тамхины хэрэглээгээ хязгаарлах нь чухал. Учир нь тамхи татдаг хүн их ханиалгадаг шүү дээ. Ханиахаар бидний бүх булчин ажиллана. Үүнд нь хэвлийн булчингууд ч оролцдог. Тиймээс хэт их ханиалгаснаас болж булчингууд сунаж, шарх задрах эрсдэлтэй. Архаг ханиалга, астма гэх мэт уушги, амьсгалын замын ямар нэгэн өвчлөлтэй хүмүүс энэ өвчинд өртөх магадлал нь харьцангуй их.
У.Цэцэгсүрэн