-Одоогоор 180 гаруй сургууль манай төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлээд байна. Ийм эрэлттэй, үнэ цэнтэй төслийг улстөржүүлсэнд харамсаж байна-
Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” төвөөс хэрэгжүүлж буй “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах” төслийн говийн A бүсийн зөвлөх багш Ш.Насанбурмаатай ярилцлаа.
-Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын дөрвөн гишүүн Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага гаргахдаа танай төвөөс хэрэгжүүлж буй төсөлд зарцуулагдах 1.2 тэрбум төгрөгийг онцлоод байна л даа. Ийм их мөнгийг албан тушаалаа ашиглаж зувчууллаа гэх мэтээр улстөржүүлээд эхэлчихлээ. Төсөлд 120 сургууль хамрагдаж байгаа гэхээр нэг сургуульд 10-хан сая төгрөг ногдож байгаа юм байна. Бүтэн жил хэрэгждэг гэхээр үйл ажиллагаанынхаа өртгийг ч нөхөхгүй мөнгө юм биш үү?
Та яг голыг нь олоод асуучихлаа. Бидний боловсруулж хэрэгжүүлж буй арга зүй маш үнэ цэнтэй. Үзүүлж буй үр дүнгийн хувьд ярих юм байхгүй. Элсэлтийн ерөнхий шалтгалтын үр дүн, амжилтаас эхлээд яривал олон кейс бий. Нэг аймгийн Засаг дарга гэхэд л аймаг нь ЭЕШын оноогоор улсад тавдугаарт жагссаныг манай хөтөлбөр хэрэгжсэнтэй холбож үнэлсэн байна лээ. Энэ бол бидэнд маш том урам.
Арван сая гэдэг бол бүтэн нэг жилийн хугацаанд өрнүүлэх идэвхтэй үйл ажиллагааны хувьд маш бага мөнгө. Энэ мөнгө бүрэн шилжиж орж ирээгүй байгаа. Бид сүүлдээ бүр өөрсдөө нэмэлт мөнгө гаргаж төслөө хэрэгжүүлж яваа. Гишүүдийн улстөржүүлээд буй нэг сургуульд ногдох 10 сая төгрөг зөвхөн хөтөлбөрийн үйл ажиллагаанд л зарцуулагдаад дуусах мөнгө.
Би судлаач хүн. Эх орноо хөгжүүлэх боломжийг томчууд нь өөрсдөө хаагаад байгаа юм биш үү гэсэн эмзэглэл төрөх боллоо. Бүхэл бүтэн улсын маань амьдрал сошиалаар яваад байна шүү дээ. Харамсахгүй суух арга алга. Хөгжсөн, бие даасан, нийгмээ хөгжүүлэх чадалтай иргэдийг бэлтгэхэд өнөөдөр сургуулийн орчинд хэн юу хийж байгаа юм бэ. Биднийг сурч байхад хэн ч бидэнд “анхаарал” гэдэг үгийг тайлбарлаж өгч байгаагүй. Хэн ч бидэнд “найзтайгаа эвтэй байхад, долоо хоног бүр багаараа, ангиараа ажиллахад ийм байдаг, тийм үр дүнд хүрдэг” гэх мэт арга зүйг зааж өгч байгаагүй. Өнөөдөр бид “Нийгмээр дүүрэн багаар ажиллаж чаддаггүй залуус” гэж өөлж шүүмжилдэг. Энэ залуус гэнэт гарч ирээгүй. Бид тэднийг бүтээсэн. Ингээд харахаар монгол хүний тухайд 12 жил суралцаж буй сургуулийн орчин дахь нийгмийн хөгжил гэдэг бол асар хэрэгтэй зүйл. Үүнийг бүрдүүлэхэд сургуулийн менежмент амин чухал.
-Тэгэхээр танай төв хүчтэй, бие даасан, багаар ажиллах чадвартай иргэдийг бэлдэхийн төлөө ажиллаж зорьж яваа байх нь. Бүтэн жилийн турш тасралтгүй гэхээр их цаг зарцуулдаг байх. Жилд нэг сургуульд хэчнээн цаг зарцуулж байна?
Хүчтэй, бие даасан иргэдийг ингэж байж л төрүүлнэ. Ийм зорилгын төлөө ажиллаж яваадаа сэтгэл дүүрэн байдаг. Манай төсөл бүтэн нэг жил буюу 32 долоо хоногийн хугацаанд тасралтгүй хэрэгждэг. Нэг сургуульд жилд дунджаар 188-200 цаг зарцуулдаг. Цахимаар харилцахаас гадна сонгосон сургууль дээрээ очно, нүүр тулсан харилцаа ч үүсгэдэг. Ер нь тасралтгүйгээр суралцаж, байнгын эргэх холбоотой хэрэгжиж буй төсөл. Зөвхөн захирлуудын, зөвхөн нийгмийн ажилтнуудын гэх мэт детальчилсан, нарийвчилсан арга зүйгээр манай сургалт явагддаг юм.
-Танай төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонссон чинь “УИХ-ын гишүүд ийм чухал төслийг огт судлалгүйгээр, 1.2 тэрбум гэсэн тоо хараад л улстөржчихжээ” гэсэн бодол төрчихлөө.
-Эрүүл ухаанаар ойлгоё гэвэл нээрээ л таны хэлж байгаагаас өөрөөр дүгнэх арга алга. Шуудхан хэлэхэд ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд ичмээр байна. Шүүмжлээд буй мөнгө нь юунд яаж зарцуулагдсаныг судлаагүй байж массыг төөрөгдүүлсэн мэдээлэл өгч болохгүй шүү дээ. Өөрсдийнх нь хүүхдүүд, сонгогч¬дынх нь хүүхдүүд сурч байгаа сургуульд нийгмийн сэтгэл зүйн орчин гээд бүх л орчинд нь сургуулийн менежментийг сайжруулах чухал төсөл хэрэгжиж байхад судлаагүй байна гэдэг ичмээр зүйл. Нягталж, судлаагүй байж нийгэмд талцуулах буруу ойлголт өгч буйд харамсаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй зүтгэж байгаа бидний урмыг хугалж байна. Хэрвээ асуудал ярьж байгаа бол, хэрвээ хөгжихийг хүсэж буй бол хөгжлийн гарцыг гаргаад ирсэн хүмүүстэй хамтрах ёстой л гэж харж байна. Боловсролын төлөө зүтгэж буй бүгд хамтарч байж энэ салбарт гэгээ татна. УИХын гишүүд боловсролын хөгжилд манлайлах ёстой. Түүнээс биш хэзээ ч талцал үүсгэж болохгүй. Энэ бол хамгийн аймшигтай зүйл. Бид бүх юманд шилэн, бүгдэд нээлттэй байгаа. Тийм ч учраас манай төсөлд хамрагдаж буй сургуулийн захирлууд өнөөдөр цахим хуралдаа оролцож сэтгэгдлээ хэлсэн.
-Танай цахим хурлыг сонирхсон хүний хувьд сургуулийн захирал, менежерүүдийн үг таатай сэтгэгдэл төрүүлсэн шүү. Хичээл таслалт арилсан, хүүхдүүд сургууль руугаа яардаг болсон, ЭЕШ-ын үнэлгээнд ахиц гарсан гээд олон гоё үр дүн хэлж байна лээ. Төслийн үр дүнгийн талаар сонирхуулаач.
-Олон сайхан үр дүн гарч байгаа. Хамгийн том үр дүн гэвэл төсөлд хамрагдсан сургуулиуд “ахиад хамрагдъя, илүү ахисан төвшинд хөгжмөөр байна” гэсэн хүсэлт тавьдаг. Бид дөрөвдүгээр үе шатныхаа элсэлтийг зарласан. Аймгаараа оролцох хүсэлтээ илэрхийлж байна. Товчхондоо бид маш олон хүсэлтэд дарагдаад сууж байна. Одоогоор 180 гаруй сургууль хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байгаа. Ийм эрэлттэй, үнэ цэнтэй төсөл хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваадаа баярладаг. Үнэн ялна гэдэгт итгэж байна. Манай төслийг маш олон сургууль сайшаан хүлээж авсан. Тэд “Бид өөрсдөө суралцах ёстой байжээ” гэсэн үгсийг хэлж байна.
Хөтөлбөрийн судалгаа хэзээнээс эхэлсэн билээ.
-2019 оноос эхлээд бичиг баримтын судалгаа бүтэн жил явагдсан. 2020 оноос анхны найман сургуулиа сонгож төслөө хэрэгжүүлж эхэлсэн юм. Найман сургуульд үр дүнтэй хэрэгжсэн учраас хоёр дахь шатаа хэрэгжүүлсэн. Дараа нь гурав дахь шат нь гэх мэтээр үргэлжилсэн. Үр дүнтэй практиктай хэрэгжиж байгаа төсөл. Эцэст нь нэг зүйлийг давтан онцолмоор байна. Монгол Улсын боловсролын салбар хөгжих хэрэгтэй. Хөгжүүлэх гэж зүтгэж яваа хүмүүсийг нь ямар ч баримт нотолгоогүйгээр ингэж гүтгэж болохгүй. Манай төсөл хэрэгжсэнээр олон гайхамшигтай үр дүн гарч байгаа. Хүсвэл биднийг шүүмжилж буй УИХ-ын гишүүд манай төслийн хэрэгжилттэй танилцаж, тэр олон гоё үр дүнг харж мэдрээрэй гэж танай сониноор дамжуулан хэлье.
Ж.Гал