АНУ-ын Калифорни муж улсын Оакланд хотод амьдардаг Ю.Ариунзаяа гэдэг бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр Остин хотод саяхан болж өнгөрсөн цахим спортын “Сounter-strike” төрлийн ДАШТ-ийг сурвалжилсан юм. Уг тэмцээнд “The MongolZ” багийнхан дэд байр эзэлсэн билээ. Амжилтынх нь тухай яриа өнөө хэр үргэлжилсээр. Чухам энэ үед сурвалжлагчтай яриа өрнүүлэв. Залуус өмнө нь олон улсын хэд хэдэн арван тэмцээнд амжилттай оролцож байсан ч энэ удаагийнх нь чансаагаар тун өндөр юм. Тэд уг нэр хүндтэй тэмцээний аваргын төлөөх тоглолтод Ази тивийг төлөөлсөн анхны баг болсноороо онцлог. Тоглолт “Moody сenter”-т өрнөсөн. Сүүлчийн тулааныг монголчууд шөнө гэр гэрээсээ цахимаар, мөн нийслэлийн зарим иргэд гадаа талбайд тусгайлан зассан дэлгэцээр үзэж, залуусаа дэмжсэн. И-спортын мянга, мянган үзэгч, тэр дундаа Монголын багийг дэмжигч олноор цугласан халуун цэгээс сурвалжилж, мэдээлж байсан Ю.Ариунзаяат юу ярьсныг сонирхуулъя.
-Цахим спортыг залуусын хэрэг гэж боддог байлаа. Гэтэл таныг газар дээрээс нь сурвалжлан мэдээлэх явцдаа монгол залуусаа дэмжин хашхирч, баярлан дэвхцэж байхыг харахад тухайлбал, надад ч бас хамаатай юм байна, ер нь орчин үеийн хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсэг болсон юм биш үү гэж бодлоо. Та энэ спортыг хэзээнээс сонирхож эхлэв?
-2016 оноос эхтэй. И-спорт сонирхож, ялангуяа тууштай хичээн зүтгэсээр мэргэжлийн тамирчин болсон монгол залуус, багуудыг дэмжих ёстой юм байна гэж ойлгосон. Яаж дэмжих вэ гэхээр хамгийн түрүүнд монголчууддаа энэ спортын талаар ойлголт өгөх, цаг үеийн мэдээллийг шуурхай дамжуулж байх талбартай болох хэрэгтэй гэж үзсэн. Тийм учраас өөрийн гэсэн esportsnewsmn пэйжээ нээсэн. Миний пэйж өнөөдрийн байдлаар 58000 дагагчтай болжээ. Дараа нь олон улсын түвшинд веб нь илүү хүртээмжтэй юм байна гэдгийг ойлгоод цахим хуудсаа нээсэн юм. Одоогийн байдлаар видео тоглоом, цахим спортын тухай монголоор бичдэг цорын ганц сайт. Энэ салбарт ажиллаж залуучуудад дэм болохын сацуу ойлгодоггүй хүмүүст мэдүүлж, үе хоорондын гүүр нь болохыг хүссэн.
-Энэ нь спорт юм гэж мэддэггүй хүн олон. Харин ч эцэг, эхчүүд PC-чид гээд дургүйцэж, хүүхдүүдээ аль болох хол байлгахыг хичээдэг. Хүүхэд бүр тамирчин болж чадахгүй. Тэгэхээр хичээлээсээ хөндийртлөө дурлаад байгаа хүүхдүүдэд хэрхэн учирлаж, тайлбарлах ёстой вэ?
-Хүүхдүүдэд видео тоглоом бүр esport-ын төрөл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, санаа бодлыг нь сонсож, дэмжихээр бол дэмжихээ хэлж, үгүй бол яагаад гэдэгт тодорхой хариу өгдөг бол хэнд ч ойлгомжтой. Дэлхийд хоёр сая орчим видео тоглоом бий. Түүнээс гарын арван хуруунд багтах тооны төрлийг спорт болгон хөгжүүлж байна. Аав, ээжүүд энэ бүхний талаар хүүхдүүддээ ярьж, ойлгуулдаг байхын тулд өөрсдөө мэдлэгтэй болох ёстой юм. Надаас энэ талаар олон хүн асууж ханддаг. Би боломжоороо тайлбарлаж өгдөг. Зарим өдөр бүр хоёр, гурван цаг зарцуулсан байх нь ч бий. Ажилтай болохоор асуусан хүн бүртэй ярилцаж чадахгүй ч үе байдаг. Намайг ойлгодог байх аа. Веб сайт, пэйждээ мэдээ, мэдээлэл бэлтгэх ажил маш их цаг авдаг. Салбарын тухай бичихийн тулд маш их уншиж, судалж, мэдэх шаардлага гарч байлаа. Одоо ч гэсэн судалсаар байна. Үргэлж уншдаг. Хоцорчихгүй юм сан гэж их хичээж явна.
-Уучлаарай, асуухаас аргагүй нь. Энэ чиглэлийн мэдээлэл бэлтгэдэг веб сайт, пэйж ажиллуулаад боломжийн орлого олдог гэж ойлгож болох уу?
-Энэ асуултад хариулахын тулд өмнөтгөл ярих болох нь. Би Америкт ирээд 19 жил болж байна. Тэр үед ирсэн монголчууд ямар ажил хийж ирсэн, тийм л маягаар амьдарсан. Хүүхэд харах, настай хүн асрах, хүргэлт, бусад чиглэлийн гэх зэрэг ажил хийж, цалин авдаг. Үүний зэрэгцээ олсон мөнгөө үрэх ажил хийдэг минь Монголынхоо и-спортынхныг дэмжих юм. Веб сайтаа 2019 онд нээсэн, таван удаа платформ сольсон. Цаашид солихгүй гэж бодож байгаа. Сая болсон тэмцээний үеэр пэйж дагагчийн тоо нэлээд өслөө. Би өөрөө газар дээрээс нь сурвалжилж контент бэлтгэдэг минь ч тоо өсөхөд нөлөөлдөг. Бас тэмцээнүүдэд монгол¬ чууд оролцох үеэр монгол дагагчдын тоо эрс нэмэгддэг.
-Ажил хийж мөнгө олоод, түүгээрээ и-спортынхныг дэмжих “ажил хийдэг” гэж ойлголоо. Ямар их сэтгэл, зүтгэл, хайр вэ. Хаанаас ундардаг юм бэ?
-Баярлалаа. Хичээж л байна. 2017 онд IEM Oakland тэмцээнд “The MongolZ”-ийнхон ирэхэд анх уулзаж байлаа. Одоогийнхоос өмнөх үеийн тоглогчид болох Machinegun, Zilkenberg, Ncl, Tsogoo, Menace, дасгалжуулагч Maaraa нар байсан. Тэдэнтэй, ялангуяа багийн ахлагч Түвшинбилэг, Атука нартай яриад сууж байхдаа би энэ салбарт ажиллаж залуучуудад дэм болох ёстой, үе хоорондын гүүр нь болох хэрэгтэй юм байна гэж гүнзгий бодсон. Тэгээд л эргэлт, буцалтгүй орохоор шийдсэн. Одоо Монголын болон гадаадын хэвлэл мэдээллийн салбарынхан намайг мэддэг, таньдаг боллоо. 2023 онд Жэйк Лаки, ESL-ийн Жэфф нартай ярилцахдаа, энэ удаа ярилцлагууд өгч байхдаа, ер нь уулзсан хүн бүрт Монголын цахим спортынхны талаар ярьж, мэдээлж байлаа. Сая болж өнгөрсөн “Мэйжор” тэмцээний үеэр урьд өмнөхөө бодвол олон хүнээс мэдээлэл авч, илүү олон том сувгуудад түгээсэн. Энэ хэрээр мэдээллийн цар хүрээ өргөссөн. Миний баг гэвэл зураг авч, бичлэг хийж, түүнийгээ янзалж, камер, аппарат хөл зэргээ үүрээд хамаг ажлыг нугалж явдаг нөхөр минь, Монголд байгаа хоёр минь л байна. Энэ удаа бид ESN-esportsnetwork-той хамтарч ажилласнаар онцлог. Халуун цэгээс, өөрөөр хэлбэл, тэмцээний явцаас, тухайн агшнуудад мэдээлээд байсан болохоор Монголд ч тэр, дэлхийд ч тэр мэдээлэл сайтар хүрсэн. Тийм ч болохоор манай улсын багийн амжилт дуулиан болсон болов уу. Мөн олон улсын медиа салбарынхан бие биеэ мэддэг, таньдаг, багахан ч гэсэн нэгдэл үүссэн байх нь ашигтай аж. Гадаадын таньдаг сэтгүүлчид маань манай улсын багийн тухай мэдээллийг өөр, өөрийн сувгаар түлхүү хүргэж байх жишээтэй. Ер нь байдлыг ийм байлгахын төлөө би цаг заваа зарцуулж ирсэн.
-Танайх нөхрийгөө оруулбал гурван л ажилтантай гэхэд маш сайн баг бололтой.
-Тийм шүү.
-Багийнхаа нөгөө хоёр гишүүнийг танилцуулаач.
-Нэлээд хэдэн жил ажилласан Centi маань “Сounter-strike”, “Dota” зэрэг чиглэлийг хариуцдаг ч аль болох бүхий л төрлөөр бичихийг хичээдэг юм. Masha болохоор цахим спортын “Dota”, MLBB тал руугаа бичдэг. Бас “Women in Esports” төслийн live stream-ээ хариуцдаг. Үүнээс олон хүн цалинжуулан ажиллуулж чадахгүй байна. Халаасны хэмжээ хязгаартай. Ийш тийш арга хэмжээнд явахдаа замын болон байр, хоол ундны мөнгийг мөн л өөрийн халааснаас гаргадаг. Медиа Pass авахаар тухайн арга хэмжээнд мөнгө төлөхгүй орох боломжтой нь санхүүгийн хувьд ч, оролцооны тухайд ч давуу тал болдог.
-2017 оноос хойш ингэж ажиллаж байгаа гэхээр өнгөрсөн хугацаанд зарцуул¬сан цаг хугацаа, сэтгэл, зүтгэл, хөрөнгийн хэрээр Монголынхоо цахим спортын хөгжилд их хувь нэмэр оруулжээ, та.
-Тэгж боддог оо. Би бас Америк дахь монголчуудын анхны холбоодын нэг Бэй Аэриагийн монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнийн хувьд бас цагаа зарцуулна. Манай холбооныхон маш олон арга хэмжээ, сургалт, ажил зохион байгуулж ирсэн. Одоо наадамд бэлдээд завгүй л байна. Эмэгтэй, эзэгтэйн хувиар гэрийнхээ ажлыг хийнэ. Тэгэхээр цагаа сайн төлөвлөж, хуваарилж амьдардаг.
-И-спорт бол шинэ, залуу салбар гэж та хэлсэн. Хүнтэй зүйрлүүлбэл хэдий хэр настай бол?
-Нялх хүүхэд л гэсэн үг. Тэгэхээр бид, монголчууд хоцроод байгаа юм байхгүй. Дэлхийтэй мөр зэрэгцэж явна. “The MongolZ”-ийн амжилт хүмүүст энэ спортын тухай ойлгох боломж олгож байх шиг байна. Амжилтын шатаар өгсөж, оргил хавьд нь очиж, алдар хүндтэй болж, улмаар хоолоо олж идэж болдог юм байна гэд гийг харууллаа гэж бодож байна. Энэ замаар өгсөж буй залууст алдаа, оноо их бий. Тэр бүгдийг тоочиж барахгүй. Үнэхээр подвалын PCчид гэгдэж явсан үе бий шүү дээ. 2000-аад оны үед тийм л байлаа. Үнэн хэрэгтээ PC тоглоомын төвүүд энэ салбарын хувьд хамгийн түрүүнд ашиг орлоготой байж, тэр хэрээр хурдтайгаар хөгжиж, тоглоомын төвүүдийн орчин, тоног төхөөрөмж нь сайжирч ирсэн. Тэндээс ч өнөөдрийн тамирчид, мэргэжлийн тоглогчид бий болсон нь үнэн юм. Өнөөдөр Монголд тоглоомын төвүүд сайжирчээ. Тааруухан нь байгаа ч, дийлэнх нь 1999 он, 2000 оны үеийнхтэй харьцуулшгүй хөгжсөн байна лээ. Саяхан эх орондоо очихдоо зориуд хэд хэдэн төвөөр ороход ажиглагдсан. Би “PC тоглоомын төвүүд цахим спортын тамирчдын бэлтгэлийн заал юм” гэж олон жилийн өмнө хэлж, бичиж байсан. Тиймээс подвалын PC-чид гэж хочлон, хааж, хориглох хэрэггүй, боломж ч байхгүй гэж үзэж байлаа. Өнөөдөр батлагдаж байна. PC-чин гэдэг үгний ард тааруухан тодорхойлолт, төсөөлөл, сэтгэгдэл байдаг байсан, “Хичээлээ таслаад, ажлаа хаяад хэдэн нөхөр балбаж байдаг” гэсэн яриа, ойлголт байлаа шүү дээ. Одоо бол тийм биш. Уг спортын хөгжлийн явц нь ийм.
Дахин хэлэхэд эцэг, эхчүүд сагсан бөмбөг, гар бөмбөг гэдэг ч юм уу спортын уламжлалт тоглоомуудын тухай сайн мэддэг. Үндэсний спортоос морь, бөх, сур харваагаа бас мэднэ.
Яаж тоглодог, мөн сайн байвал баг болоод тэмцээнд ордог, илүү сайн байвал олон улсын тэмцээнд ч оролцтолоо хөгждөг гэдгийг мэддэг. Гэтэл цахим спорт гэдгийг мэдэхгүй нь олон байгаа нь үнэн. Тэгэхээр эхлээд хоёр сая гаруй видео тоглоомоос аль нь, яагаад спорт болж хөгжөөд байгаа юм гэдэг суурь ойлголттой болчихмоор байгаа юм. Яаж гэдэг тухай би “Подвалоос эхэлсэн цахим спорт” номдоо бичсэн. Esport бол өнөөгийн залуусын амьдралын хэвшил, хэв маяг, бүр соёл нь болж байна. Тамирчид нь хариуцлагатай, ёс зүйтэй, ёс суртахуунтай, сэтгэл зүйн сайн бэлтгэлтэй байдаг. Тэгэхээр үнэ цэн мөн биз.
-Та өөрөө аль нэг төрлөөр нь тоглодог уу?
-Тоглодоггүй. Гэсэн ч 2020 оноос салбарын тухай, хөгжлийнх нь талаар сайн ойлголттой болсных ном гаргах ёстой гэж бодох болсон. Америкт байгаагийнх, esport-ын хоёр ч курст суралцаж, 17 удаагийн арга хэмжээнд оролцсоных олж авсан мэдээлэл, мэдлэгээ багтааж, үлдээх ёстой гэж үзсэн. Номоо аль болох энгийн, ойлгомжтой байлгахыг хичээсэн.
-Та бусдын төлөө өөрийгөө зориулж чаддаг хүн шиг санагдлаа.
-Хүнд олгогдсон өгөгдөл гэж байдаг юм шиг. Би олон нийтийн ажлыг дурлаж хийх, шинэ соргог, содон аливаа зүйлд мэдрэмжтэй байж, хүлээж аван, орох, оролцох дуртай хүн юм даа гэж заримдаа өөрийнхөө тухай бодож суудаг. 1990-ээд оны залуучуудын нэгэн адил ардчилсан хувьсгалын үйл хэрэгт маш идэвхтэй оролцож явлаа. Мэдэх хүмүүс бий. Ийм зан байдал минь цахим спорт сонирхох, ажил, үйлсэд оролцоход хүргэсэн байх.
-И-спортын салбар дахь ажлын тань ойрын ирээдүйн зорилго, төлөвлөгөө юу байна?
-Түрүүнд хэлсэнчлэн и-спорт бол орчин үеийн хүмүүсийн амьдралын хэвшил, хэв маяг, соёл болж буйтай адил энэ нь бас ажил, бизнес юм. Энэ салбарт 108 төрлийн ажлын байр байдаг. Тэгэхээр сургалт, судалгаа, хөдөлмөрийн харилцаа гээд бүхий л асуудал хамаарагддаг. Манай улсад ч энэ тухайд ажил ундарч эхэлж байгаа юм билээ. СЭЗДС дэргэдээ цахим спортын нэг жилийн курс хичээллүүлнэ. Намайг зочин багшаар урьсан. Би ажиллахаар бэлтгэж байна.
-Таны үндсэн гэх үү, анх эзэмшсэн мэргэжил юу вэ?
-1990 онд Орос хэлний багшийн дээд сургууль төгссөн. 1992 онд орос хэлний багш нарыг англи хэлний багш болгох нэг жилийн курст сургасан юм. Орон нутгийн сургуулийн сурагчдад англи хэл зааж байлаа. Удалгүй энэ улсад ирж амьдрах болсон. Одоо бас нэгэн сургуульд суралцана. Эндхийн Community сolledge-д сэтгүүлчээр сурах юм. Төлбөр нь ч арай бага юм байна лээ.
Р.Оюунжаргал