Одоогоос 29 жилийн өмнө буюу 1996 оны нэгдүгээр сард Төв аймгийн нутаг дахь Авдрантын хорих ангийн гурван хоригдол хянагч нараа болон хамт хүмүүжигч нэг бус хүнийг хөнөөн, заримыг нь барьцаалж оргосон нь тухайн үедээ олныг цочирдуулж, айдас түгшүүрт автуулж байв. Тэдний хойноос цагдаагийн байгууллагынхан голлон хөөцөлдөж, буудалцаж хөнөөсөн талаар хэвлэлд бичсэн нь цөөнгүй. Оргодлуудыг халуун мөрөөр мөшгөж, илрүүлэх ажиллагаанд оролцож байсан, өдгөө чөлөөнд байгаа цагдаагийн дэд хурандаа Р.Батхүүтэй ярилцлаа.
-1996 оны өвлийн олныг цочирдуулсан тэр хэрэгтнүүдийн хойноос та эхэлж мөшгөсөн гэж сонсоод ярилцах хүсэл төрсөн юм. “Авдрант”-ын гэх хэргийг үйлдсэн оргодлуудын талаарх мэдээллийг хэрхэн авч байв?
-Авдрантын хорих ангийн ялтнууд хэд хэдэн хүний амийг бүрэлгэж, заримыг нь барьцаалан ууланд гарсан хэрэг тухайн үедээ олныг цочроож байлаа. Онцгой дэглэмтэй хорих ангиас хоригдлууд бүлэглэн оргохдоо хэд хэдэн хүний амь хохироож, хүн, машин барьцаалснаараа ойр хавьд гараагүй ноцтой хэрэг байсан юм. Би тэр үед Төв аймгийн Лүн сумд замын цагдаагийн байцаагчаар ажиллаж байлаа.
Хэрэг гардаг шөнө манай хэсгийн төлөөлөгч, ахмад Ш.Баатар “Авдрантаас хоригдлууд оргож замдаа хүн барьцаалж, машин аваад зугтсан байна. Чи яваад Авдрантын хорих хүрч, замдаа тэд барьцааны хүнээ орхисон байвал аваад ир” гэсэн чиглэл өгөв. “Унаа машингүй яах билээ” гэтэл Засаг даргын “УАЗ-469”-ийг жолоочтой нь аваад яв” гэдэг юм байна. Тэгээд байгаа ганц “Макаров” буугаа халааслаад гараад өглөө. Өөр ямар ч мэдээлэлгүй мухар, сохроор замд гараад “Тэд хаашаа явсан байж болох вэ” гэсэн таамаг дотроо дэвшүүлээд, Архангай юм уу, Дарханы чиглэлд л гарсан байж таарна гэж бодлоо. Ингээд оргодлуудыг араас нь хөөж баривчилмаар санагдаж, албаны хэнхэг хөдлөв.
Авдрант руу ордог замыг эхлээд шалгалаа. Машины мөр хот руу эргэсэн байх юм. Дагаад явж байтал зам дээр буцаад эргэчихэж. Өвлийн ид хүйтэн тачигнаж байсан учраас зам цантаад мөр тод үлдсэн хэрэг. Хөөж яваа мөр маань замын баруун гар тал руу, Атар, Баянхангайн чигт явжээ. Баянхангайн шатахуун түгээх станц дээр ирж түгээгчээс нь асуухад “Дээрээ гэрэлтэй эмнэлгийн бололтой машин шөнө дундын хэрд их хурдтай өнгөрсөн” гэлээ. Угтаал, Заамарын чиглэлд замд дугуй нь хагарсан жийп байв. Түүнээс асуутал “Хагас цаг гаруйн өмнө үүгээр өнгөрсөн” гэв. Бид ч араас нь боломжоороо хур¬далсан. Шөнө 02.00 цагийн үед өөдөөс “УАЗ-469” машин ирэхээр нь зогсоож асуулаа. “Аадгайн даваа өгсөөд эмнэлгийн бололтой хоёр машин сая зөрөөд өнгөрлөө” гэж байна шүү. Уг нь тэд Авдрантаас эмнэлгийн зориулалттай комби загварын “Волга-24”-тэй гарсан байдаг. Хоёр машин гэхээр нь жаахан гайхсан. Гэтэл хоригдлууд Угтаал өнгөрөөд явж байхдаа замд таарсан хуучин нэрээр Залуучуудын сангийн аж ахуйн ижил загварын автомашин бас барьцаалсан юм билээ.
-Замдаа нэг машинаа хаясан байсан гэдэг шүү дээ.
-Аадгайн даваа уруудаад эмнэлгийн комби нь эвдэрч замын хажууд зогсчихсон байсан. Би холоос хараад жолоочдоо “Хажуугаар нь өнгөрөөд цаана нь гараарай, хүн гар өргөсөн ч зогсож болохгүй” гэлээ. Жолооч маань сандраад шууд давхиад өнгөрөв. Зогссон машины цонх нь дөрвөн хуруу хэртэй онгорхой, дотор нь хүмүүс байгааг харж чадлаа. Жолооч маань шууд цаашаа давхисаар Залуучуудын сангийн аж ахуйн шатахуун түгээх станцад очив. Би түгээгчид нөхцөл байдлыг яриад, “Эдгээр хүмүүс ирээд ямар нэг зүйл шаардвал шууд өгөөд явуулаарай” гэж анхааруулсан. Сумын холбооны залгагчийг гэрээс нь дуудаж, ажил дээр нь ирүүлээд Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Доржид нөхцөл байдлыг танилцууллаа.
-Нөгөө машин руу нь буцаж очсон биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Сумын хэсгийн төлөөлөгч, эмч нарыг гэрээс нь аваад буцаж Аадгайн давааны ард үлдсэн эмнэлгийн машины дэргэд ирсэн. Улмаар машины дээгүүр хий буудаж, “Машинаас гараад хэвт” гэж тушаал өгөхөд хүмүүс пижигнэлдэн гараад цасан дээр хэвтлээ. “Цаашаа мөлхөөд зам руу гар” гэхэд тэд миний хэлснээр хийсэн. Гэтэл тэдний дундаас нэг нь “Баагий ах аа, би байна аа” гэсэн хүнийг гайхан хартал Цээл сумын Сүхбаатар гэдэг залуу байлаа. Тэд барьцаалагдсан хүмүүс болох нь тодорхой болсон. Тэднийг Улаанбаатар хот руу ажлаар явж байхад нь зэвсэглэсэн хоригдлууд тааралдаж, машиныг нь дээрэмдсэн юм билээ. Тэгээд эвдэрсэн машиндаа тэднийг чихэж суулгаад “15 минутын дараа ирнэ, машинаас нэг л хүн гарсан байвал бүгдийг чинь устгана” гэж хэлээд цааш явсан байгаа юм.
Тэндээсээ Залуучуудын сангийн аж ахуйн шатахуун түгээх станцад ирж, түгээгчээс нь бензин авсан хүмүүсийн талаар тодруулахад “хар” Бямбаа танихгүй хүний хамтаар ирснээс өөр машин ирээгүй” гэв. Тухайн машинтай хүмүүс хаашаа явсныг тогтоохоор сумын төвийг нэг бүтэн тойроод Бор хужир багийн чиглэлд гарсныг тодорхой болгосон. Араас нь явж Ханхрын хөтлөөр давтал тэдний дээрэмдэж аваад унаж явсан автомашин зам дээр зогсож байлаа.
-Ууланд бүгчихсэн байсан байх аа? -Тийм. Би жолооч, машинаа тэр дороо үлдээгээд алхаж нөгөөх машин руу ирэхэд хүн байгаагүй. Цасан дээрх мөрийг харахад Хүүлэй хан уулын мод руу орсон байв. Буцаж машин руугаа очиж, жолоочийн хамтаар цааш давхин Бор хужир бригадад очоод иргэдийг цуглуулж “Сонор сэрэмжтэй байж, тээврийн хэрэгслийг чинь өөр хүн хөдөлгөөд явах боломжгүй болго” гэж анхааруулга өгсөн. Тэгээд цаашаа Жаргалантын сангийн аж ахуйн төв орж, аймгийн Цагдаагийн газрын даргад байдлыг танилцууллаа. Дарга “Онгоц явуулна. Наанаа хүлээж бай” гэсэн үүрэг өгөв. Хүлээж байтал нисдэг тэрэг ч буулаа. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ц.Жамъянсэнгээ тэргүүтэй хүмүүс ирсэн юм. Би онгоцонд нь суугаад тэдний явсан замыг зааж, дээрээс харахад ууланд хүн огт үзэгдэхгүй байсан. Уг нь хэдэн хүн барьцаалагдсан, өөрсдөө гурвуулаа хэрнээ нэг ч хүн харагдахгүй болохоор нь жаахан гайхаж л байлаа.
-Мөр нь байсан хэрнээ яагаад харагдахгүй байсан юм бол?
-Сүүлд сонсох нь ээ, онгоц дээгүүр нь нисэхэд оргодлууд барьцааны хүмүүсийг “Мод тэвэр” гэж тушаагаад байсан юм билээ. ЦЕГын Тусгай тасгийн олон ч хүн ирсэн. Манай Төв аймгийн хойд чиглэлийн сумуудын бүх цагдааг дуудсан болохоор хүн хүч сайн байлаа. Уулыг тойрч бүслээд тусдаа групп болгож ойр орчмын газрыг самнан хяналтдаа авсан юм. Би Жаргалантын сангийн аж ахуйн шатахуун түгээх станцыг хяналтдаа авч ажилласан. Энэ үед Жаргалантын холбооны ажилтан гүйж ирээд “Цагдаагийн ерөнхий газраас ярьж байна, цагдаагийн ямар нэг хүнийг яриул гээд байна” гэхээр нь явж очтол “Би Пүрэв байна” гэв. Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Пүрэв байна гэдгийг хоолойны өнгөөр нь таниад дотор палхийгээд л явчихлаа. Айсан гэж жигтэйхэн. Ямар алдаа гаргасан юм бол гэж бодлоо. Гэтэл “Ямар байдалтай байна” гэж асуухаар нь нөхцөл байдлыг танилцуулмар аядсан. “Та нар өнөө шөнө алдана даа, алдана” гэхээр нь “Гайгүй байх аа” гэчихлээ. Тэгтэл “Юуны чинь гайгүй гэж” хэмээн зэмлэнгүй хэлснээ “Чи хаанахын, хэн надтай яриад байна” гэв. Би ч “Лүнгийн Батхүү ярьж байна” гэтэл “Аан тийм үү, чамд баярласан шүү, хүү минь” гэхээр нь нүднээ өөрийн эрхгүй нулимс хурж, бие тайвшраад хажууд аав минь ч байгаа юм шиг сонин болж билээ. Цол хэргэм шагнуулахаасаа илүүтэйгээр энэ агуу хүний сэтгэлээсээ хэлсэн үг одоо хүртэл миний чихнээ сонсогдож байдаг юм даа. Тэдгээр оргодлыг баривчлах ажиллагаа үүрээр дуусаж, барьцаанд байсан дөрвөн хүнийг сулласан. Авдрантаас оргосон гурван ялтныг барих гэж бүтэн өдөр, шөнө ийнхүү давхиж билээ.
-Ингэж явсныг чинь удирдлага тань мэдээж үнэлсэн нь лавтай байх.
-Тэгэлгүй яах вэ. 1996 онд хугацаанаас өмнө зэрэг дэв дээгүүр цагдаагийн хошууч цолоор шаг-нуулсан юм шүү.
-Та аль нутгийн уугуул вэ. Цагдаагийн байгууллагатай амьдралаа хэрхэн холбов?
-Миний унаган нутаг бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум. 1983-1987 онд ЗХУ-ын Орёл хотод цагдаагийн тусгай сургууль, 1992 онд Цагдаагийн дээд сургуулийн эрүүгийн төлөөлөгчийн курс төгссөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй хүн дээ. Сүүлд 2000-2002 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын ангийг дүүргэсэн.
Би анх 1981 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Эргүүлийн ротод эргүүлийн цагдаа, жолоочоор ажилд орж байлаа. Ингээд 1983 онд сургуульд явж 1987 оны арваннэгдүгээр сард төгсөж ирээд УЦСЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар орж томилолтоо өвөрлөж байв. Анх хуваарь уншихад намайг Завхан аймагт томилжээ. Би хол газар явах боломжгүй гэдгээ хэлтэл Сүхбаатарын раойны Цагдан сэргийлэх хэлтэст хэсгийн байцаагчаар ажилла гэдэг үүрэг өгсөн. Ингээд Дамбадаржаад хороо хариуцан жил шахам ажиллаад Төв аймгийн Цаг даагийн газрын автотехникийн байцаагчаар томилогдон очлоо. Өөрөөр хэлбэл, миний ажил, амьдрал Төв аймгийн Цагдаагийн газартай салшгүй холбоотой гэж хэлж болно. Ийнхүү томилогдон очиход хошууч А.Чумхаан гэдэг хүн намайг хүлээн авч, хэд хоног аймгийн төвд ажиллуулж байгаад Залуучуудын сангийн аж ахуйд гэрээт байцаагч болголоо. Намайг хошууч А.Чумхаан гуай хүргэж өгөхөөр явах замдаа хөдөөгийн сайхныг яриад л, би дотроо их л дургүй байж билээ.
Очиход өнөөгийн Цээл сум, сангийн аж ахуйн дарга О.Дашдэндэв (Монгол Улсын Гавьяат эдийн засагч) хүлээн авч уулзахдаа “Сайхан залуу хүн байна, энэ байранд ор” хэмээн орон сууц, Захиргааны байранд жижиг албан өрөө гаргаж өгч байлаа. Тус сангийн аж ахуйд О.Дашдэндэв гуайтай дөрвөн жил хамтран ажиллахдаа тэр хүний олон сайхан зан чанар, ажлын арвин туршлагаас суралцаж, маш олон заавар зөвлөмжийг нь сонсож байжээ. Намайг ажиллаж байх хугацаанд О.Дашдэндэв гуай “Унаагүй бол цагдаагийн ажил урагш явахгүй” гээд цоо шинэ герман мотоцикл худалдан авч өгсөн нь ажиллах урам зоригийг минь маш их сэргээсэн шүү.
Ийнхүү 1988-2008 он хүртэл Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч, ахлах байцаагч, тасгийн дарга, 20082015 онд Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад одоо гавьяаныхаа амралтад сууж байна.
-Төв аймагт баруун тийшээ буюу Лүн чиглэлийн авто зам нарийн, осол гардаг хар цэг ихтэй гэдэг дээ.
-Би 1995-1998 онд таны асуусан Лүн сумын чиглэлийн замыг хариуцан ажиллахаар хөхөө өвлийн хүйтнээр томилогдож байлаа. 1995 оны арваннэгдүгээр сард тус сумд очиход хөлдүү барак байранд оруулсан. Хэдэн жил хөдөө ажиллачихсан болохоор хаана, хэнд хандахаа мэдэх учир тэр даруй байрны асуудлаа шийдвэрлүүлж орсон.
Энэ чиглэлийн зам нь хэт нарийнаас шалтгаалж үе үе маш ноцтой осол гардаг байлаа. Тэр болгонд шуурхай очиж шалгана. Тэр үед албаны унаа бол мотоцикл л байв. Түүнээс хойш 1998-2002 онд Төв аймгийн Заамар сум дахь алтны уурхайнуудыг хариуцан ажилласан. Тэнд “нинжа” хэмээх хууль бусаар алт олборлож, угаадаг хүмүүс олон газраас ирдэг. Тэд улсын дугааргүй автомашин, мотоциклтой, хаанахын хэн гэгч нь тодорхойгүй учраас ажилд нэлээд хүндрэл учруулдаг байв.
Хөдөө сумуудад ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжлийн аварга, аймгийн хөдөлмөрийн аварга ажилтнаар тус бүр нэг удаа шалгарч хүндэт самбарт зургаа тавиулж байлаа. Би цагдаагийн байгууллагад өдий зэрэгтэй ажилласнаа сайн дарга нар, сайн хамт олон, багш нарын ач тус гэж үздэг. Миний анхны багш, дарга, цагдаагийн дэд хурандаа А.Чумхаан бол шударга, ноён нуруутай, уур уцааргүй, гүндүүгүй ховорхон хүн. Түүний дэргэд байж, суралцсанаараа өөрийгөө азтай гэж бодож явдаг. Мөн цагдаагийн хурандаа Х.Энхжаргалын удирдлага дор олон жил хамтарч ажилласан, зарчимч шаардлагатай, маш шударга, олон талын мэдлэгтэй, хүнийг ажиллуулж ч чаддаг, хэмжээ авч ч чаддаг нэгэн. Хүний хийсэн зүйлийг үнэлэх үнэлэмж нь бусдаас өөр байдгаараа монгол цэргийн жанжин л иймэрхүү байсан болов уу гэмээр удирдагч хүн дээ. Хөдөөнөөс цугларалт юм уу, ажлаар орой үдэш аймгийн төвд ирэхэд “Очих газаргүй бол манай гэрт хоноорой” л гэнэ. Хэд хэдэн удаа гэрт нь хонож л явлаа.
Мөн цагдаагийн хурандаа Д.Дорж, О.Борхүү, Б.Даваажав, Ү.Хосбаяр зэрэг ажлын баялаг туршлагатай дарга нартай хамтарч ажиллаж байснаараа бахархдаг.