NBA-ийн нүүр царай болсон Л.Дончичийг “Даллас” баг “Лейкерс” рүү явуулж, хариуд нь Э.Дэвисийг авсан нь ойрын өдрүүдэд сагсан бөмбөгийн төдийгүй спортын ертөнцийг донсолгож байна. Уг солилцооны эргэн тойрны мэдээллээс хүргэе.
Оршил
Энэхүү солилцоо лигийн ой санамжид он удаан жил хадгалагдан үлдэх нь гарцаагүй. Уг наймааг зургаан жилийн өмнө П.Жоржийг шөнө дунд гэнэт “Клипперс” баг руу явуулж, К.Леонардтай нэгтгэж байсантай зүйрлэж болох юм. Эсвэл 2016 оны долоодугаар сард К.Дюрант “Уорриорз”-ийг, 2010 онд Л.Жэймс “Майами” багийг сонгож буйгаа зарласантай ч адилтгаж болно.
“Даллас” ийм наймаа хийх болсон нэг шалтгаан нь Л.Дончичийн илүүдэл жин, хоолны сонголт, энэ зун байгуулах боломжтой супер макс гэрээ байсан талаар эх сурвалжууд ESPN-ий сэтгүүлч Т.Макмахонд өгүүлжээ. Словени тоглогч энэ улиралд ердөө 22 удаа талбайд гарсан. Үүнээс гадна лигт элссэн жилээсээ хойш нэг улиралд 70-аас дээш тоглолтод оролцоогүй юм. “Түүний бие удахгүй энэ их ачааллыг дийлэхгүй байж магадгүй. Үүнд л анхаарах хэрэгтэй” хэмээн “Дорнод” бүсийн нэгэн багийн менежер хэлсэн байна.
“Даллас” зөвхөн Э.Дэвисийг хүссэн
Уг солилцоо нь Л.Дончичоос гадна Э.Дэвист асар их хариуцлага үүрүүлж байгаа юм. “Даллас” яагаад лигийн бусад багтай холбогдож Л.Дончичийн төлөө илүү сайн санал авахыг хүссэнгүй вэ. Тэгвэл “Лейкерс”-тэй хийсэн солилцооноос ч илүү их ашиг хүртэх байсан хэмээн олон хүн гайхаж буй. “Үүнээс үзэхэд тус багийн удирдлага Энтони Дэвист тун хайртай бололтой” хэмээн нэгэн багийн удирдлага дүгнэсэн.
“Nike” компанид өндөр албан тушаал хашиж байх үеэсээ Н.Харрисон Э.Дэвистэй хамтран ажиллахыг хүсэж байсан. Харин энэ улиралд маш сайн тоглож буй (25.7 оноо, довтолгооны хувь 52.8) Э.Дэвис “Даллас”-т ирсэндээ сэтгэл хангалуун байгаа бололтой. Солилцоонд орсны бонусаа (зургаан сая доллар) авахаас татгалзсанаар шинэ багтаа илүү татвар төлөхгүй байх, улмаар нэмж шинэ тоглогч авах нөхцөлийг нь бүрдүүлж өгөв.
Н.Харрисоны хувьд “танил” тоглогчдоо солилцоонд оруулж байсан түүхтэй. Тухайлбал, өнгөрсөн жил “Шарлотт”-оос П.Вашингтоныг, хоёр жилийн өмнө “Бруклин”-ээс К.Ирвингийг тэрбээр багтаа элсүүлж байв. Эдгээр наймаа нь тухайн цаг үедээ эргэлзээ төрүүлсэн ч энэ хоёр тоглогч “Даллас”-ыг өнгөрсөн жил NBA-ийн финалд шалгарахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Харин Н.Харрисоны хамгийн сүүлийн “бооцоо” ямар үр дүн авчрахыг чухам цаг хугацаа харуулах биз ээ.
“Маверикс”-ийн 2027-2030 оны драфтын эхний шатны эрхүүдийг зарсан түүний карьерыг эл солилцоо нэг бол сүйрүүлэх, эсвэл улам алдаршуулах нь гарцаагүй юм.
Ээлжит од тоглогч
Яагаад “Лейкерс” 60 гаруй жилийн турш NBA-ийн хамгийн алдартай баг байв гэдгийн цаана тодорхой учир шалтгаан бий. Ж.Уэст, У.Чэмбэрлэн, К.Абдул-Жаббар, М.Жонсон, Ш.О`Нил, К.Брайант, Л.Жэймс, Э.Дэвис зэрэг олон супер од “Лейкерс”-ийн шаргал, ягаан өмсгөлийг өмсөн тоглож байв. 2021 онд зарласан лигийн түүхэн дэх агуу 75 тоглогчийн тоонд багтаасан эдгээр найман тоглогчоос Ж.Уэст, М.Жонсоныг л драфтаас сонгож авчээ.
Тэгвэл энэ удаад “Лейкерс” 2031 оны драфтын эхний тойргийн эрхээ алдалгүйгээр NBA-ийн 100 жилийн ойн багт орох нь тодорхой залуу супер одыг авлаа. “Даллас” 2031 оны бус, зөвхөн 2029 оны драфтын эрхийг “Лейкерс”-ээс авсанд нь олон багийн удирдлага итгэж ч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Лос-Анжелесийн баг дахин нэг супер одыг хэтэрхий амархан өөрийн болгосонд тэд одоог хүртэл итгэхгүй байгаа юм.
Энэ удаагийн солилцоотой хамгийн дөхөх наймаа бол 1975 онд К.Абдул-Жаббар “Лейкерс”-т ирсэн нь юм. Тухайн үеийн “Лейкерс” одоогийнх шиг аварга авахаар хэмжээний сайн баг байгаагүй. Тэд дахин дөрвөн жил хүлээж, 1979 оны драфтаас Мэжик Жонсоныг авсны дараа л аваргалж чадсан билээ. Түүнчлэн У.Чэмберлэний эрин дууссаны дараа Карим Лос-Анжелест ирсэн. Тэгвэл Л.Жэймсийн эрин үеийн төгсгөл хэрд Л.Дончич тус багт ирж байна.
“Даллас” баг аварга болохыг зорьсон ойрын хугацааны төлөвлөгөөний дагуу ажилласан бол “Лейкерс” баг урт хугацааны төлөвлөгөөний дагуу Л.Дончичод тулгуурлаж дараагийн 10 жилдээ бодох уг наймааг хийлээ.
“Даллас”-т юу болох вэ
К.Ирвинг, Э.Дэвисийн хослол “Даллас”-т аваргын цом авчирна гэдэгт Н.Харрисон итгэж буй талаараа ESPN-д ярьсан. Тэрбээр “манай баг одоо, мөн ирээдүйд ялах боломжтой болсон” гэж дурдсан агаад лигийн ихэнх менежер “ирээдүй” гэдгийг нь ойрын 18 сар гэж үзэж буй. Учир нь К.Ирвинг ирэх сард 32 нас, Э.Дэвис 33 нас хүрнэ. Өөрөөр хэлбэл, тэд аваргын төлөө өрсөлдөөнд урт хугацаанд яригдахаар залуу тоглогчид биш юм. Гэхдээ ихэнх шинжээч “Даллас”-ыг солилцооны цонх хаагдахаас өмнө нэмж тоглогч авна гэж үзэж байна. Гэмтэлтэй байгаа төвийн тоглогч Д.Лайвлиг солилцоонд оруулж ч магадгүй.
“Лейкерс”-тэй харьцуулбал энэ улиралд аваргын төлөө дайралт хийхээр зориг шулуудсан “Даллас”-ын шинэ бүрэлдэхүүн хэрхэн гар нийлж тоглох нь анхаарал татна. Э.Дэвис хүссэнийхээ дагуу хүчний довтлогчийн байрлалд тоглох боломж бүрдэж буй ч үүнд анхаарах зүйл бий. Сүүлийн хэдэн улиралд тэрбээр төвийн тоглогчийн байрлалд дассан. Тиймээс “дөрвөн” номерын байрлалд тоглохын тулд шидэлтээ сайжруулах ёстой болно. Харин түүний байрлалд одоо тоглож буй П.Вашингтон жижиг довтлогчийн байрлал руу шилжих бол К.Томпсон гараанд ч тоглохгүй байж магадгүй нөхцөл үүслээ. Ингэснээр К.Ирвинг, Э.Дэвис, Д.Гаффорд, П.Вашингтон нар “Лейкерс”-ээс ирсэн М.Криститэй хамт гараанд гарах магадлалтай байна.
“Лейкерс”-ийн хувь заяа
Тус багт ч багагүй асуудал үүсэж байна. Тэд төвийн тоглогчгүй хэрнээ олон хамгаалагч, довтлогчтой болов. Э.Дэвис “Лейкерс”-ээс явахаас өмнө багт нь сайн төвийн тоглогч хэрэгтэй талаар дурдаж байсан билээ.
Харин Л.Дончич, О.Ривс, Л.Жэймсийн гурвал довтолгоонд асуудалгүй боловч хамтдаа талбайд гарсан нөхцөлд “Лейкерс”-ийн хамгаалалт дэндүү муу болно. Тиймээс энэ улиралд тун сайн тоглож буй О.Ривс (18.2 оноо, 6.1 дамжуулалт) сэлгээнд суух, эсвэл бага цалингаасаа (энэ улиралд 12.9 сая, ирэх жилд 13.9 сая) шалтгаалж өөр баг руу ч явж магадгүй. Түүнийг сайн хамгаалагч, эсвэл төвийн тоглогчоор солих боломжийг багийн удирдлага авч үзэж болох юм.
“Даллас”-“Лейкерс”-ийн солилцоо
“Даллас”: Э.Дэвис, М.Кристи, 2029 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх
“Лейкерс”: Л.Дончич, М.Клебер, М.Моррис
“Юта”: Х.Шифино, 2025 оны драфтын нэг, хоёрдугаар тойргийн эрх
Н.Энх