ӨМӨЗО-ы Хөх хотод энэ сарын 24-25-нд зохион байгуулсан гар дээр суниалтын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбооны тамирчид оролцож ур чадвараа сорилоо. Тэднээс 18-25 насныхны ангилалд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Б.Пэрэнлэйдорж гурван минутад 167 суниаж, тэргүүн байрт шалгарсан бол нэг цагийн гар дээр суниалтын төрөлд 1867 удаа суниаж мөнгөн цом гардав. Түүний амжилтыг буухиалж 26-30 насныхны ангилалд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат О.Серикжан (Хилийн цэргийн 0285 дугаар анги) гурван минутад 134 суниаж мөнгөн медаль, нэг цагийн гар дээр суниалтын төрөлд 1576 удаа суниаж хүрэл цом хүртсэн. 31-36 насныхны ангилалд өрсөлдсөн тамирчдаас Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат И. Бямба-Од гурван минутын хугацаанд 134 суниаж хүрэл медаль зүүсэн юм. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын гар дээр суниaлтын холбооны тэргүүн Б. Отгонбаяр ажиллажээ.