ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн гурав дахь цуврал болох “Fonbet Russia tournament-2025” тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдээс О.Оюунчимэг шинэ жинд барилдаж, шагналын салхи хагалав. Өмнө нь 57 кг-д зодоглодог байсан тэрбээр энэ удаа 52 кг-д өрсөлдөж түрүүлжээ. Сүүлийн үед өсвөр үеийнхнээс 48 кг-д цахиур хагалж, тив, дэлхийн тэмцээний эхний гурван байрт шалгарах болсон Ж.Анударь хойд хөршийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэн. Тэгвэл 70 кг-ын жинд Д.Есүй мөн III байрт шалгарснаар Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Тамирчдын ур чадварыг ахиулах,тэдэнд урам өгөх зорилготой зохион байгуулсан эл тэмцээнээс медаль гардсан тамирчид арванхоёрдугаар сард финалын барилдаанд урилгаар оролцох аж.