АНУ-д үргэлжилж буй Клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-д Английн “Манчестер сити” баг Саудын Арабын “Аль Хилаль” багт ялагдаж, томоохон сенсаац дэгдлээ. Орландо хотын “Кэмпинг уорлд” цэнгэлдэх хүрээлэнд болсон хоёр багийн тоглолтын үндсэн цаг 2:2-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд нэмэлт цагийн эцэст Азийн баг 4:3-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Нэмэлт цагт “Аль Хилаль” багаас К.Кулибали, М.Леонардо (хожлын гоол) харин Английн багаас Ф.Фоден гоол оруулсан байна.
Ийнхүү шөвгийн наймд “Аль Хилаль” баг Бразилийн “Флуминенсе” багтай тоглохоор боллоо. Бразилийн баг өчигдөр УЕФА-гийн “Аваргуудын лиг”-ийн дэд аварга “Интер”-ийг 2:0-ийн харьцаатай хожиж, мөн шуугиан дэгдээсэн билээ.