Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдээс байршуулсан хөрөнгийн үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Үүний хүрээнд Засгийн газрын тусгай сангуудын мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн эрсдэл хамгийн бага байхаар удирдан зохион байгуулсан, эсэх, төрийн болон орон нутгийн өмч, өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн байршуулсан хөрөнгө үр ашигтай, өгөөжтэй байсан, эсэхийг нягтлах юм байна. Түүнчлэн Тусгай сан болон төрийн өмчит байгууллагуудын арилжааны банк дахь данс, хадгаламжид тавих хяналт, үр дүнгийн тооцооллыг шалгах аж.
Мөн Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” нэгдэл, төсвийн ерөнхийлөн захирагчид, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг Монголбанк болон холбогдох бусад байгууллагыг хамруулан авч үзэхээр төлөвлөжээ. Аудитад Засгийн газрын 27 тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд нэр бүхий арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгийг хамруулах нь.
С.Дулам