Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн яндангаас гарах хаягдал утаанд хэмжилт хийж байна. Уг хяналт шалгалтыг Байгаль орчны улсын хяналтын болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвийнхөн хамтран БОУАӨЯны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаар удирдамжийн дагуу гүйцэтгэж байгаа аж. Нийслэлд өдөрт дунджаар 550-600 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Тиймээс агаар бохирдуулагч эдгээр хөдөлгөөнт эх үүсвэрүүдийн хаягдал утаанд түүвэрчилсэн байдлаар хэмжилт хийж, цаашид авч хэрэгжүүлэх саналыг боловсруулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэхээр ажиллаж буйгаа албаныхан хэллээ.
Ташрамд мэдээлэхэд, хотод сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, улсын дугаарыг шаардлага хангасанд нь олгох ажлыг зохион байгуулжээ. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв “Нийслэлд бүртгэх тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоосонтой холбоотойгоор автомашины улсын дугаар шинээр олгохыг зогсоосон. Уг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд иргэдийн тээврийн хэрэгслийн чанар буюу насжилт багасаж, ашиглахаа больсон автомашинаа бүртгэлээс хасуулсаар өдгөө 50 мянгад хүрээд байна. Ингэснээр хотын түгжрэлийг бууруулах, агаарын чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц болж буй. 2024 онд улсын хэмжээнд 170 мянган тээврийн хэрэгсэл импортолсон бол өнгөрсөн жил эл тоо 79 мянга болж буурсан” гэлээ.
О.Ундрах