Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй аж. Төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл байдлыг иж бүрнээр нь буюу нийт зургаан төрлийн судалгаагаар үнэлж, хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлох юм байна. Тодруулбал, мэдээллийн ил тод байдлын үнэлгээ, хэвлэл мэдээллийн хэрэглэгч, агуулга, сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл, байдлын судалгаа болон тухайн байгууллагын удирдах ажилтнууд, шийдвэр гаргагчдын ганцаарчилсан ярилцлага, эрх зүйн орчны үнэлгээ зэргийг судалж тогтоох гэнэ. Ингэснээр Монголын хэвлэл мэдээллийн нөхцөл байдал, чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, хэлэлцүүлэг өрнүүлэх, зөвлөмж боловсруулах зэргээр ажиллаж буй аж.
Үүний хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгааг гаргаж дууссан бөгөөд зарим үр дүнг Хэвлэлийн хүрээлэнгээс танилцуулав. Судалгаанд оролцсон иргэдийн 84 хувь нь мэдээлэл авдаг гол эх сурвалжаа фэйсбүүк хэмээн хариулсан байна. Мөн 45 хувь нь телевиз, 21 хувь нь ажлын хамт олон, 20 хувь гэр бүл, 18 хувь нь инстаграмаас мэдээлэл авдаг гэжээ. Харин 2015 онд эл судалгаанд оролцогчдын 86 хувь нь телевиз, 58 хувь нь мэдээллийн сайт, 53 хувь нь сошиал медиа хэмээн нэрлэж байв. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн цаг үеийн мэдээлэл авдаг эх сурвалж ихээхэн өөрчлөгджээ. Хэдий мэдээллээ сошиалаас авдаг ч уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэдэг гэх үзүүлэлт тэрүүлсээр байдгийг дурдахад илүүдэхгүй биз. Судалгааны дэлгэрэнгүй тайланг удахгүй олон нийтэд нээлттэй танилцуулах гэнэ.
Ч.Цэлмэг