АН-ын “4-11” мэдээллээр авлигын индексээр Монгол Улс 10 байр ухарсантай холбоотой УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, тус намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв нар байр сууриа илэрхийлэв. Ийнхүү олон байр ухарсанд улс төр дэх мөнгөний нөлөө асар их байгаа нь нөлөөлжээ. Ж.Баярмаа гишүүн энэ талаар “Манай улс 33 онооноос 31 болж ухарсан. Энэ бол ардчилсан бус орнуудын авдаг оноо. Бидний урд дайн байлдаантай Сьерра Леон улс оржээ. Манайх зэвсгийн бус, авлигын дайнд нэрвэгдсэн байна. Сонгуульд асар их мөнгө зарцуулдаг. Энэ бүхэнтэй тэмцэхийн тулд миний бие Санал авахын эсрэг хуулийн төслийг боловсруулсан. Англи, Францад ийм хуулийг 140 гаруй жилийн өмнө баталжээ. Манайд одоо хэрэгжиж буй хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш сонгогчдод мөнгө, бэлэг сэлт тараахыг хориглодог. Харин миний төсөлд бүхий л цаг хугацааг хамруулж байгаа. “УИХ-ын гишүүд санал худалдан авах ажиллагааг дөрвөн жилийн турш хэзээ нэгэн цагт хийсэн байвал тэр нь эгүүлэн татагдах нөхцөл болж, эрүүгийн хуулиар шийдэгдэнэ” гэж тусгасан. Эдүгээ МАН-ын гишүүд тэргүүлээд Цагаан сарын бэлэг тарааж байна. Уг хууль батлагдвал эдгээр үйлдэл хориотой болно. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа мөнгө, бэлэг тараасан нь нотлогдоод байхад буцаан татах боломж гардаггүй. Учир нь санал худалдан авах оролдлоготой холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хуулиар шийддэг. УИХ-ын гишүүдийн хувьд торгууль нь нөлөөлөхгүй. Тиймээс хариуцлага тооцох зохицуулалтыг Эрүүгийн хуулиар шийддэг болгох юм. Төслийг АН-аас гадна бусад намын гишүүд ч дэмжиж буй. Бүлэгтээ болон УИХ-ын гишүүдэд төслийг танилцуулаад, хаврын чуулганаар өргөн барьж, батлуулна гэж найдаж байна” гэлээ.
АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв “Техасын их сургуулиас 2023 онд авлигын төсөөлөл, эдийн засгийн өсөлт, ДНБ-ий нэг хүнд ногдох хувийг 135 орны жишээн дээр харьцуулж судалсан байна. Үүгээр авлигын реформ хийж, оноогоо сайжруулбал тухайн орны эдийн засгийн өсөлт 10 жилийн дотор 25 хувиар нэмэгдэх боломжтойг тогтоожээ. Гэтэл манайд 2016 оноос хойш авлигын үзүүлэлт уруудсан. Эдийн засгаа багаар бодоход 25 хувиар өсгөх боломжоо бид алдсан байна” гэв.
С.Уул