Зуднаар нохой зоолж, зовлонгоор лам таргалдаг гэдэгчлэн эрчим хүчний салбарын гачигдал, хүндрэлтэй нөхцөл байдал сайд, дарга нарын хувьд албан тушаалын найраа, ашиг сонирхлын далд хүслээ гүйцэлдүүлэх таатай хөрс болсоор байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж шинэчлэх, ухаалаг систем нэвтрүүлэх нэрийдлээр сүүлийн жилүүдэд энэ салбарт хяналтгүй хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, реформ хийх, үнэ чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулж, хямралаас гаргах далбаан дор бий болгосоор байгаа ямар ч шаардлагагүй олон албан тушаал, бүтэц, орон тоо үүнийг гэрчилнэ. Хамгийн сүүлд гэхэдЗасгийн газрыншийдвэрээр Шадар сайд Т.Доржхандын хариуцсан ажлын албаны дэргэд Эрчим хүчний экспортыг дэм жих хэлтэс байгуулжээ. Эрчим хүчний хараат байдлаасаа гарч чадахгүй, дотоодын эх үүсвэрээр ч хэрэгцээгээ бүрэн хангаж хүчрэхгүй байгаа гачигдалтай улсад экспортыг дэмжихээс илүү импортын хэрэглээгээ бууруулах нь нэн тэргүүний бодлого, зорилт байх ёстой. Маргаашийн өөхнөөс өнөөдрийг уушгийг илүүд үздэгийн учир нь энэ шүү дээ. Хачирхалтай нь, реформын “мананд” төөрсөн манай төр засаг энүүхнийг ч ялгаж салгаж, эрэмбэлэн зааглаж чадахгүй байгаа бололтой.
Монгол Улс эрчим хүчний дутагдалтай буюу хараат эх үүсвэртэй орнуудын тоонд багт даг. Жилийн нийт хэрэглээнийхээ 20-25 хувийг өмнөд, хойд хөршөөс импортолдог бол дотоодын эх үүсвэрийн нөөцөөс маш бага буюу ердөө 0.1-0.2 хувийг нь экспортолдог. Тухайлбал, манай улс өнгөрсөн онд 2.7 тэрбум кВт. цаг цахилгаан эрчим хүч импортолж, 14 сая кВт.цаг эрчим хүч экспортолжээ. Халгиж цалгисан их нөөцөө шингээж ядсандаа бус, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачааллын зөрүүг зохицуулах буюу системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор л багахан хэмжээний эрчим хүчийг гадагшаа нийлүүлдэг гэсэн үг. Үндсэн хэрэглээнийхээ дутагдлыг импортоор нөхдөг зовлонтой учраас л сайд, дарга нар нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах, реформ хийх талаар улиг болтол ярьж, сандал суудлын төлөө эрх ашгаа уралдуулсаар өдий хүрсэн. Гэвч бодит байдалд сайжирч, дээрдээд гавьсан зүйл ер байхгүй. Харин ч нөхцөл байдал хүндэрсээр. Ийм үед экспортыг дэмжих тусгай бүтэц шинээр байгуулах нь илүү зардал, бодлогогүй алхам болно уу гэхээс ахиц дэвшил лав авчрахгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрчим хүчний шилжилтийг удирдан зохион байгуулах, үнэ тарифын шинэчлэл хийх, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих чиг үүрэг бүхий Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан 2024 оны аравдугаар сард байгуулсан. Гэвч эл хороо бодитой, үр дүнтэй ажил огт хийгээгүй. Реформ хийх, үнэ чөлөөлөх нэрээр цахилгаан, дулааны тарифыг нэмж, харин ч иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруунд хүнд ачаа үүрүүлсэн. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт одоогийн хэмжээнд буюу хоёр оронтой тоонд хүрч, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар буурахад тэд бодитоор “хувь нэмэр” оруулсанюм.
Эцэс сүүлдээ эл хорооныхон төсөв санхүүгийн зарцуулалт, эрх мэдлийн хуваарилалтаас болж дотооддоо баахан зөрчилдөж, толхилцсон. Улмаар Г.Занданшатарын Засгийн газар төрийн бүх шатанд төсвийн хэмнэлтийн горим хэрэгжүүлэх, үр ашиггүй зардлыг танах, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор 2025 оны долоодугаар сард Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгасан бөгөөд холбогдох яаманд чиг үүргийг нь шилжүүлэхээр шийдвэрлэснээ зарласан билээ. Тэгвэл үүнээс ердөө дөрөвхөн сарын дараа Эрчим хүчний экспортыг дэмжих хэлтэс байгуулахшийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар дахин гаргасан юм. Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд татан буулгасан Эрчим хүчний реформын үндэсний хорооны нэр, зүсийг нь өөрчлөөд Эрчим хүчний экспортыг дэмжих хэлтэс болгон оруулж ирсэн нь энэ аж. Одоо тус хэлтэс Н.Учралын Засгийн газрын бүтцэд, Шадар сайд Т.Доржхандын шууд удирдлагад есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ил, далд үйл ажиллагаа явуулж, татвар төлөгчдийн мөнгөөр тарвалзаж буй гэх.
Хамгийн хачирхалтай нь, эрчим хүчний салбарын реформыг эрчимжүүлж, шинэ эх үүсвэр нэмэгдүүлэх, хөрш орнуудтай экспортын болон хамтын ажиллагааны стратеги, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх чухал үүрэг хүлээсэн эл нэгжийн бодлого, үйл ажиллагаа саяхныг хүртэл ихэд нууцлагдмал байжээ. Салбарын яамныхан нь хүртэл энэ талаар тодорхой мэдээлэлгүй, уялдаа холбоо, хамтын ажиллагаагүй байсан гэх. Тус хэлтсийн нэр дээр, Шадар сайдын багцаас санхүүжүүлэх нөхцөлтэй зарласан олон сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерүүдийнмэдээлэл ил болсноор Т.Доржханд сайдын халаасан дахь бүтэц “гэрэл цохих” нь тэр. Эрчим хүчний салбарт ойр гэгддэг парламентын гишүүд ч үүнийг хождож мэдэж, саяхнаас дуугарч эхэлжээ.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг манай улсад ийм тусгай бүтэц байх шаардлагагүй гэж үзэж буй бөгөөд энэ асуудалд анхаарал хандуулах хүсэлтийг Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарт хүргүүлжээ. Тэрбээр “Эрчим хүчний бодлого, төлөвлөлт, стратеги хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байсаар атал Шадар сайдын удирдлагад эрчим хүч экспортлох хэлтэс байгуулах шаардлагагүй. Үүнийг хэдэн хүнтэй, ямар төсөвтэй, юу хийдэг, хуулийн хүрээнд хэрхэн ажилладгийг нь шалгах хэрэгтэй. Эрчим хүчний яамныхан саяхан ажлын хэсэг байгуулаад салбарынхаа хөгжлийн стратегиа боловсруулсан. Үүний дунд эрчим хүчний экспортын бодлого, үйл ажиллагаатай холбоотой асуудлууд ч багтсан. Гэтэл Т.Доржхандын удирдлагад байдаг хэлтэс 790 сая төгрөгөөр цахилгаан экспортлох стратеги боловсруулах тендер зарласан. Салбарынхан яамныхан нь үүний талаар сонсоогүй, мэдээгүй байна. Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний дотор амжиж зарлаагүй бүх тендерийн санхүүжилтийг эргүүлэн татсан байхад Эрчим хүчний экспортыг дэмжих хэлтэст хамаарах төслүүдийг долоодугаар сард дахин зарлаж, хууль зөрчлөө. Төсвийн хөрөнгийг ийм дэмий зүйлд үрж болохгүй. Эхлээд ядаж гал алдахгүй, айлаас гуйхгүй хэмжээнд хүрчхээд дараа нь эр чим хүч экспортлох тухай ярих хэрэгтэй” хэмээн шүүмжилсэн юм. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа үүний хариуд “Эрчим хүч экспортлох стратеги боловсруулах тендерийн төсөв 790 биш, 300 сая төгрөг. Үүнийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гүйцэтгэхээр болсон” гэж мэдэгдсэн ч энэ бүхэн Шадар сайд Т.Доржхандад хамаатай гэдгийг шууд хэлчихсэн. Өөрөөр хэлбэл, экспортыг дэмжих нэртэй, чиг үүргийн давхардалтай тусгай бүтэц сайдын “ивээлд” үйл ажиллагаа явуулж байгаа нь хөдөлбөргүй үнэн аж. Тэд стратеги, төлөвлөгөө боловсруулах зэрэг аар саархан ажилд татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй зарцуулж буй нь ч маргаангүй бололтой.
Эрх баригчид, сайд, дарга нар дээгүүрээ ийнхүү реформ, экспорт зэрэг том сэдвүүд ярьж, тэрбум тэрбумын төсөл, тендер санаачилж буй бол эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал тун хүнд байна. Нийслэлчүүд жил жилийн өвөлд оргил ачааллын үеэр цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулж, лаа, шүдэнзтэй нөхөрлөдөг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Өнөө жил ч эрчим хүчний салбар суурилагдсан хүчин чадлаасаа давсан ачаалал үүрэх тул өвлийн тодорхой үеүдэд хуваарийн дагуу цахилгаан хязгаарлана гэдгийг салбарын сайд нь ил цагаан хэлчихсэн. Гэтэл Шадар сайд нь “2028-2030 онд Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгоно” гэсэн үлгэр яриад, түүндээ зориулж тусгай бүтэц хүртэл “зуруулаад”, дураараа дургиж байна. Магадгүй эрчим хүчний салбар дахь энэ замбараагүй, хяналтгүй байдлыг өөрчлөхөөс реформоо эхлүүлэх нь салбарын хөгжилд арай илүү бодитой хувь нэмэр үзүүлэх болов уу. Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний салбарт реформ хийх талаар хамгийн их ярьдаг. Гэхдээ тэрбээр реформын суурь нь шинэ бүтэц бус, бодлого гэдгийг мэддэггүй бололтой дог оо.
Н.Мишээл