ХААН банкны 35 жилийн ойн урамшуулал болон бусад арилжааны банкны судалгаанд хамруулах зэрэг аргаар иргэдийн анхаарлыг татах мэдээлэл бэлтгэн фэйсбүүк, олон нийтийн сүлжээ, цахим орчинд байршуулж, түүнд хандвал нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан дансанд нь халддаг байсан хүмүүсийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан уржигдар баривчиллаа. Эл хүмүүс банкнуудын аппликэйшнтэй яг ижлийг дуурайлган хийж, иргэдийг урхиддаг байж. Манай улсын харьяат дөрөв, гадаадын нэг иргэн бусдыг дансанд хууль бусаар нэвтэрч, мөнгө хулгайлан авдаг байсан гэнэ. Тэд гадаад улсад цахим орчинд гэмт хэрэг үйлддэг бүлэглэлийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан Монгол Улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоож, бэлэн мөнгө, эд зүйлээр урамшуулах, амлалт өгөх замаар гэмт хэргийн үйлдэлдээ татан оролцуулдаг байсныг тогтоожээ. Энэ хэрэгт гадаад, дотоодын маш олон хүн холбогдож буй бөгөөд хохирлын хэмжээ нь тэрбум төгрөг давж болзошгүй аж. Мөрдөн шалгах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Прокурорын газрынхан хяналт тавьж, тэдний зөвшөөрлөөр хэрэгт холбогдсон таван хүний орон байр, биед нэгжлэг хийсэн гэнэ. Энэ үед Монгол Улсын иргэдийн интернэт банк руу хууль бусаар халдсан, бэлтгэж байсан цахим болон биет нотлох баримтууд гарч ирсэн аж. Энэ хүмүүсийг Эрүүгийн хуулийн 26.1-2-ын “Кибер орчинд хууль бусаар халдах”, 17.1-1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэх зүйл заалтын дагуу яллагдагчаар татаад буй гэнэ.
Г.Орчлон