Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний даргаар ажиллаж байсан Т.Үржинд холбогдох бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас дахин яллах дүгнэлт үйлдэн, өнгөрөгч долоо хоногт шүүхэд шилжүүллээ. Тэрбээр уг өртөөний дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар, “Силкрөүд ложистикс” ХХКийн менежер Ч.Ганчулуун нарын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5-6 дугаар сард хахууль авсан хэмээн буруутгагдаж буй. Тодруулбал, С.Сүхбаатартай үгсэн тохиролцож, “Силкрөүд ложистикс” ХХК-ийнхны салбар зам ашиглах ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, хийх ёсгүй зүйл хийснийхээ төлөө 16-17 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүний хахуулийн мөнгийг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар ХААН банкны дансаараа дамжуулан бэлнээр гаргаж аваад “Толгойт” өртөөнөөс холгүй орших “Номин супермаркет” дэлгүүрийн авто зогсоолд Т.Үржинд өгсөн нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон аж. Ч.Ганчулуун вагоны салбар зам ашиглах эрх авахын тулд Т.Үржинд С.Сүхбаатарын дансаар дамжуулан нийт 33 сая төгрөг өгсөн нь шалгалтаар тодорхой болсон гэнэ. НПГ-аас Т.Үржин, С.Сүхбаатар нарт бүлэглэн хахууль авсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-1, 18.6-1 дэх хэсэгт заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин Ч.Ганчулуунд мөн хуулийн 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж бусдаар дамжуулан хахууль өгсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна. Уг хэргийг өмнө нь 2023 оны зун шүүхэд шилжүүлсэн ч нэмж шалгах зүйл бий гэж шүүгч нар дүгнээд, прокурорт буцаасан юм.