Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
УИХ-ын зургаадугаар тойрог буюу зүүн бүсэд МАН-аас нэр дэвшин сонгогдсон Л.Соронзонболд хэмээх гишүүн парламентад бий. Тэрбээр МАН-ын талцлын үеэр олонхын буюу 38-ын талд нэгдсэн юм. Дорнодын уугуул, МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, Австрали улсын Мельбурний их сургуульд худалдааны магистрын зэрэг хамгаалжээ. ХОТШ банкны маркетингийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлснээс хойш тэрбээр эл салбартай уяатай явсан байна. 2001-2011 онд Хас банканд газрын болон гүйцэтгэх тэргүүн дэд, 2011-2018 онд ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч, 2021-2024 онд М банкны гүйцэтгэх захирал хийсэн аж. Банкны салбарт мэргэжилтнээс гүйцэтгэх захирал хүртэл алба хашиж яваад л УИХ-ын гишүүн болчихсон гэсэн үг. Намтрыг нь харахад яаж улс төртэй холбогдон, шууд УИХ-ын сонгуульд нэр дэвших “виз” авсан юм бол гэсэн асуулт гарна.
Долоон мандаттай зүүн бүсэд МАН-ын тухайн үеийн дарга Л.Оюун-Эрдэнэ өөрөө нэр дэвшсэн юм. Ингэхдээ Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, У.Отгонбаяр нарын “шинэков”-ыг чирч, багаараа сонгогдож чадсан. Тэндээс намын даргынхаа далбаан дор гарч ирсэн хүмүүсийн дундаас М.Идэрбат л хоёр дахиа гишүүн болсон нь юм. Үлдсэн нэг мандатад нь АН-аас Ш.Бямбасүрэн сонгогдсон билээ. Тэр үед МАН-ын дарга харьцангуй шинэ хүмүүсийг тойрогт ч, жагсаалтад ч эрэмбэлсэн байлаа. Зөвхөн банкны салбарыг төлөөлөх, нэр цэвэр хүн гэхээс гадна Л.Соронзонболд гишүүнийг парламент дахь МСS группийн төлөөлөгч гэж болно. Учир нь 2018 оноос төсөл байхаас нь ажиллаж, гүйцэтгэх захирлыг нь хийсэн М банк нь дээрх группийн 100 хувийн хөрөнгө оруулалттай. Тэгэхээр бизнесийн салбарын “татаас”-аар л түүнд сонгуульд нэр дэвших боломж олдсон байх нь. Мөн тэрбээр улс төрд хэдийн хөл тавьсан хүмүүстэй анд найз, худ ургийн холбоотой байсан нь энэ салбарт эчнээ танигдахад нөлөөлсөн болов уу.
Юуны өмнө одоогийн УИХ-д түүний багын болон их сургуулийн андууд бий. “Шарк” Д.Энхтүвшин Л.Соронзонболд нар Чойбалсан хотын нэгдүгээр сургуулийн нэг анги дүүргэсэн, багын андууд аж. Тэд хожим МУИС-д ч хамт элсэж, MCS группийн нэрийн дор ажиллаж байв. Түүнчлэн Дорнодоос УИХ-д хэдэнтээ сонгогдсон, аймгийнхаа гурилын бизнесийг “баздаг” гэх Х.Болорчулуунтай худ аж. Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Жавхлантай их сургуулийн нэг ангийн найз гэнэ. “Нүүрсний хэрэг”-ээр ял сонссон, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан ч түүний оюутан ахуйн анд. Тиймээс ч 2024 оны нэгдүгээр сард Т.Аюурсайханы холбогдсон “нүүрсний хэрэг”-т гэрчээр дуудагдан, зарим мөнгөн гүйлгээ, хөрөнгийн үүсвэрийг нь тодруулах зорилгоор мэдүүлэг өгсөн байдаг.
Тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө буриад дээл, малгайгаа өмсөж ирсэн юм. Үүнээс нь харвал буриад ястан бололтой. УИХ-ын гишүүн болоход нь буриад ястнууд багагүй дэмжсэн гэдэг юм. Ялангуяа аймгийнхаа нутгийн зөвлөлд гайгүй байр суурьтай учраас бизнес эрхлэгчдээс нэлээд дэмжлэг авчээ. Худынх нь нөлөө ч байсан биз. Хувийн амьдрал, намд элссэн огноо гээд түүний талаар мэдээлэл хомс ч улс төр дэх танил, нөлөөллийн хувьд тэр тийм ч шинэ хүн биш байжээ. Хоёр жилийн турш чуулганд суусан ирц нь 94 хувьтай. Нэлээд нууцлаг, даруухан гишүүн хэдий ч “хэлгүй” бол биш юм билээ. Тойргоос сонгогдсон, шууд төлөөлөх иргэдтэй учраас чуулган, байнгын хорооны хуралдаанаар үг хэлэхдээ голдуу л тойргийнхоо талаар санал гаргадаг аж. Мөн ажлын хэсэг ахалж, Газрын тосны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслийг бусадтай хамтран өргөн барьсан байна.
Банкны салбарт 20 гаруй жил удирдах голдуу алба хашсан түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг сонирхлоо. Хувийн орлого 136.9, гэр бүлийнх нь 223 сая төгрөг байна. Нийтийн орон сууц хоёр, зуслангийн болон хашаа байшин, авто гарааш тус бүр нэг гэнэ. Орон сууц, барилга байгууламжийн үнэлгээ нь 2.6 тэрбум аж. 108 саяар үнэлэгдэх хоёр автомашин, 350 саяын газартай. Олонх УИХ-ын гишүүний адилаар хэдэн адуу, малтай. “Эрдэнэс Тавантолгой”, УИД ХК, “Ард даатгал”, Хас банк, “Монгол базальт” зэрэг хэд хэдэн компанид тодорхой тооны хувьцаа эзэмшдэг. 654 сая төгрөгийн хадгаламж, 1.5 тэрбумын авлагатай гэжээ. Эдүгээ тэрбээр УИХ-ын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.