Лам, хар ялгалгүй 19 000 орчим хүнээ хэлмэгдүүлсэн түүхтэй
Өнгөрсөн зууны бараан түүхийн нэг бол хэлмэгдүүлэлт. Улс төр, үндэс угсаа, шашин шүтлэгээр шалтгаалж, XX зуунд дэлхийн улс орнууд олон хүнээ хэлмэгдүүлэн цаазлахыг нь цаазалж, хорихыг нь хорьсон гашуун түүхтэй. Манай улсад ч ялгаагүй 1920- иод оноос эхтэй улс төрийн үзэл баримтлалаас үүдэлтэй хэлмэгдүүлэлтийг тухайн үеийн Зөвлөлт Орос (ЗХУ)-ын нөлөөгөөр төрийн эрх барьж байсан хүмүүс хийж, 30 000 гаруй иргэнээ яллаж байсан билээ. Тэр дундаа лам нар болон буриадуудыг олноор нь хилсээр хэлмэгдүүлэн ял шийтгэж, цаазаар хороож, шоронд хорьж байсныг судлаачдын олон бүтээлд тодорхой дурдсан байдаг. Тухайлбал, 1921 оны Ардын хувьсгалын дараа Саж лам Жамьянданзангийн бүлэг хэрэг гэгчээр хэргэм зэрэгтэй лам, хар нийлсэн 48 хүнд ял шийтгэсэн юм билээ. 1930- аад оноос тайж Эрэгдэндагва, Дилов хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж, Егүзэр хутагт Галсандаш нарын “38-ын бүлэг”, 1937-1939 онд Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын хувьсгалын эсэргүү лам нарын “Төв бүлэг” гэх зэргээр нийт 19 000 орчим лам, шашны мяндагтныг хэлмэгдүүлж, тэдний 70 гаруй хувьд нь цаазын ял оноосон талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэдээлэлд бий. Харин 21 хувьд нь хорих ял шийтгэсэн бол 5.1 хувь нь баривчлагдаад суллагдсан, эсэх нь тодорхойгүй, шоронд нас барсан уу, ял шийтгүүлсэн үү гэдэг нь мэдэгдэхгүй сураггүй болсон аж.
Хэлмэгдэн ял шийтгүүлж хорих ял эдэлсэн лам нараас суллагдаад улс орондоо нэр хүндтэй ажил алба хашсан хүмүүс ч бий. Тухайлбал, үүнийг тэрлэгч миний төрөлх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан бэрээвэн хийдийн лам нараас М.Доржтовоо гэх хүн хэлмэгдэн 10 жил хорих ял шийтгүүлсэн гэдэг. Ял шийтгэлээ эдэлж дуусгаад төрөлх нутагтаа мал маллан социализмын жилүүдэд Улсын аварга малчин цол хүртэж байсан түүхтэй. Мөн тийм хугацаагаар ял шийтгүүлээд суллагдсан лам нараас С.Лувсанцэрэн гуай (хүүхдийн дууны нэрт мастер, Гавьяат багш Л.Галмандахын аав), Тунсагцэрэн (нэгэн их зохиолчийг төр, нийгмийн удирдах албан тушаал хашиж байхад нь туслахаар ажиллаж байсан) Засгийн газрын сайшаалын үнэмлэхээр шагнуулсан, Ш.Норовсамбуу гээд хэлмэгдлийн гашуун зовлонг амсаж, биеэр эдэлсэн өвгөд уншлага сайтай байв. М.Доржтовоо, С.Лувсанцэрэн гуай нар цагийн салхи эргэж, сүм хийдийг сэргээх үед Балдан бэрээвэн хийдийн гол сахиус Цамба шидаг бурхныг ууланд нуун тахиж байснаа гарган авчирч, дуганд нь залж байсан юм даг. Тэд чухам ямар хэрэгт холбогдон ял шийтгүүлснийг төдийлөн мэдэх хүн ховорджээ. Тэгвэл тэдний адил хүрээ хийдэд шавилан уншлага, номтой болсон лам нарыг ямар үндэслэлээр хэлмэгдүүлж байсан талаар Улсын дээд шүүхээр хэлэлцэн цагаатгасан зарим хэргийн тогтоолоос эш татан хүргэе.
БАНЧИН ЭРДЭНЭ ӨВӨР МОНГОЛД ИРСЭН НЬ ЛАМ НАРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ШАЛТГААН БОЛОВ
Цаг төр үймсэн тэр цөвүүн жилүүдэд ганц хүний матаас, ам дамжсан цуу ярианд үндэслэн лам нар, угсаа залгамжилсан ноёд, хохь болон хамжлагатай тайж нарыг хилсээр хэлмэгдүүлж байсныг түүх одоо ч мартаагүй. Дээр дурдсанчлан олон мянган шашны мяндагтан, лам нарыг хэлмэгдүүлж, хавчих бодлогын үр дүн буруу, зөрүү ярьсан ганц үг, өгүүлбэрийг ч “ногоон малгайтнууд” гярхайгаар өлгөн авч байж.
Өвөрхангай аймгийн Шүүн таслах газрын 1932 оны тавдугаар сарын 30-ны шийтгэх тогтоолоор Ц.Цэнбэл гэх ламд ял шийтгэжээ. Хуучнаар Өвөрхангай аймгийн Мандал сумын харьяат 47 настай уг ламын “Эзэрхэг засгийн үед унзад тушаалтай явсан, баригдахын өмнө Номун ханы хийдэд шавилан сууж байсан. Эрхээ хасуулаагүй, хөрөнгөө хураалгаагүй, хөрөнгийн хувь хэмжээ 21, байшин, хашаа, гэр тус бүр нэг. Эзэрхэг засгийн үед шашны талаар унзад тушаалыг хүлээж, ард олныг мөлжин явсан төдийгүй өөрийн эрхийг хасагдсан явдалд хорсож, “Жас жав хоосорч хурал номын явдал тасрав, хар бологчид ба хамтралд мал хөрөнгөө өгч дуусгав. Банчин Богд япон хүмүүсийн хамтаар халхад залран ирж яваа гэнэ. Би ч гэсэн Банчин Богдод мөргөх гэж бодож байгаа. Жас жавын хөрөнгө хогшлыг хамтрал болон Ардын засгаас хураан авч дуусгасан ба шашин бурхан балрахад ойртож байна. Хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хурааж дуусгав. Тэднийг Ардын засгаас барьж, шорон гянданд хорьж байна. Богдмаралын хүрээнд өдий төдий төвөд ирж гэнэ. Одоо ч засаг төр нэг юм болох байх” гэсэн цуурхал тараасан хэмээн буруутгажээ.
Унзад лам Ц.Цэнбэлийн талаар “ногоон малгайтнуудад” П гэх хүн мэдээлэл өгснөөр баривчилж байцаасан аж. Энэ тухай хавтаст хэрэгт “Ц.Цэнбэлээс хоёр удаа, гэрч П-ээс нэг удаа байцааж, мэдүүлэг авчээ. Гэхдээ тухайн П гэгчийнх нь овог, үндсэн захиргаа, нас, хүйс, оршин суух газар болон эрхэлж байгаа ажил, албан тушаал тодорхойгүй байсан нь зориуд зохиомлоор хэрэг хүлээлгэхийн тулд бий болгосон хүн ч байж болох. Орчин цагийн хууль эрх зүйн ойлголтын хүрээнд хэргийн бодит үнэнийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох үйл ажиллагаа тухайн үед огт хийгээгүй нь харагдана.
Ц.Цэнбэлд холбогдох хэргийн шүүх хурал Өвөрхангай аймгийн Шүүх таслах газарт 1932 оны тавдугаар сарын 30-нд болж, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1929 оны есдүгээр сарын 23-нд нэмэлтээр баталсан тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйлд зааснаар дөрвөн жил хорих ял шийтгэжээ. Уг зүйл заалтад “Үндсэн хуулийн ёсоор байгуулсан улс төрийн ёс суртлыг хүчээр устгахыг хичээж, ард олонд амаар буюу бичиг хуудсаар ятган ухуулагсдыг нэг жилээс доош бус хугацаагаар хорино” гэж заасныг үндэслэн ийм ял шийтгэсэн байна. Түүнчлэн гэр бүлийн хүмүүст зөвхөн амьдрал болох хувийг үлдээж, бусдыг нь хууль ёсоор албанд хураан авахаар шийдвэрлэсэн аж.
Харин Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн 2024 онд бичсэн дүгнэлтийг үндэслэн хэлэлцээд “Ц.Цэнбэлийн тараасан гэх цуурхал нь тухайн орон нутгийн ард иргэдийн дунд улс оронд болж байгаа үйл явдлын талаар түгээмэл яригдаж байсан, тодорхой эзэнгүй яриа байсан. Хэзээ, хаана, хэнд хэрхэн ярьсан, зарласан талаар ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ цуурхлыг түгээж байсныг П мэдүүлсэн гэх боловч тэднийг нүүрэлдүүлэн байцаах болон хөндлөнгийн баримтаар нотлоогүй. Цуурхал нь тухайн нийгэм, хувь хүмүүст хэрхэн хүрч, ямар хор, хохирол учруулсныг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй атал урьд феодал мяндагтан байсан учраас улс төрийн зорилгоор цуурхал тараасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
“Шар феодал Ц.Цэнбэл болбоос шашны талаар умзад тушаалыг үе улиран хүлээж, харгислан дарлаж явсан” хэмээн ял төлөвлөсөн боловч бусдыг дарлан мөлжиж байсныг нь тогтоосон баримт хэрэгт байхгүй. Лам, шашны мяндагтан байсных нь хувьд “шар феодал, дайсан, мөлжигч” хэмээн зориудаар хилсээр хэрэгт холбогдуулан шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна” хэмээн 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд цагаатгах тогтоол гаргажээ.
Өвөрхангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1932 оны тавдугаар сарын 15-ны 16 дугаар тогтоолоор лам Л.Чоймболд бас ял шийтгэжээ. 1932 оны байдлаар 68 настай, лам, халх, ам бүл долоо. Дүү, дүүгийн эхнэр, эрэгтэй дүү нарын хамт амьдардаг, хөрөнгийн хувь 60 гаруй, эзэрхэгийн үед гэсгүй ба ловон, аранжамба зэрэг мяндаг тушаалыг хүлээж явсан, хөрөнгөө хураалгаагүй, урьд ял шийтгүүлээгүй, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, баригдахын өмнө Хөх овоонд сууж байсан. Шар феодал Л.Чоймбол нь эзэрхэг засгийн үед гэсгүй, ловон, аранжамба зэрэг хэргэм тушаалыг хүлээж, хоосон суртал номлолыг ард түмний дунд дэлгэрүүлэн цуурхал тарааж, сорон мөлжиж явсан ба цэргийн хурдан дуран нэгийг аль ч газрын зөвшөөрөлгүйгээр дарагдуулан үрэгдүүлсэн” хэмээн буруутгасан байна. Түүний талаар намын гишүүн Ц гэх хүн “ногоон малгайтнуудад” матаас өгсөн аж. Хавтаст хэрэгт “Ардын намынхан жас жавыг хоосолж баллав. Хашаа, байшин ч үгүй болов. Хурал номын явдал тасрахад хүрч байна. Хөрөнгөтэй хүмүүсийг баривчлан аваачиж, түүнийг нь үзэж, хураах юм гэнэ.
Банчин эрдэнийг олон цэрэгтэй Монголын нутагт ойрхон ирж байгаа. Монголд орж ирэх болсон хэмээн ярилцаж байсан. Банчин эрдэнийн зургийг олж авахаар эрэн сурвалжилж явсан” хэмээн ярьсныг үндэс болгон Шүүх цаазын бичгийн дээр дурдсан заалтын дагуу шийтгэжээ. Ингэхдээ цэргийн хурдан дурантай байсан, эсэх, түүнийг хэрхэн олж авсан гэдгийг ч тогтоолгүй, зөвхөн лам, шашны мяндагтан байсан гэдгээр нь хэлмэгдүүлж ял оноосон байх юм. Л.Чоймболд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд хэлэлцээд цагаатгасан юм.
Лам хийгээд энгийн иргэдийн дунд Банчин эрдэнэ залран ирэх гэж байна гэсэн яриа 1930- аад оны үед их эрчимтэй яригдах болсон нь IX Банчин Богд Түвдэнчойжиням Өвөр Монголд очиж, Гоминданы Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдсонтой нь холбоотой бололтой. Тиймдээ ч тухайн үеийн ард иргэд Өвөр Монгол руу олноороо нүүдэллэж байсан биз.
ШИНЭ ҮСГИЙН БАГШ 1950 ОНД ХЭЛМЭГДЛИЙН ШУУРГАНД ӨРТСӨН НЬ
Хэлмэгдүүлэлтийн гашуун зовлон өрнөсөн хар дарсан он жилүүдэд 1250-иад сүм хийдийг устгаж үгүй болгосон байдаг. Лам нарыг дээр дурдсанчлан хэлмэгдүүлж, гишгэх газаргүй шахам болгосноор шоронд ял эдлээд гарч ирсэн хэд нь бүгд нуугдмал амьдралтай, шашны арга домоо хүний нүднээс далд, шөнө оройн цагаар, чимээ аниргүй хийдэг болсон гэлцдэг. Энэ тухай зохиолч А.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “Гундуу бурхан” өгүүллэгт ч тод томруун бичсэн байдаг. Нийтлэлийн эхэнд дурдсан, манай сумын хэлмэгдэн ял эдлээд гарч ирсэн Тунсагцэрэн, Ш.Норовсамбуу хэмээх хоёр лам нэг гэрт амьдарч, цөөн хэдэн үхэр, адуу хариулсаар насыг элээсэн гэдэг. Тэд нутгийн иргэдэд шөнө дөлөөр, нууцаар шашны үйл, арга засал хийж байсныг ээж минь хуучилдаг юм. 1970-аад онд тэнгэрт хальсан ажаагийнх нь толгой дээр хонхны дуу Балдан бэрээвэн хийдэд шавилж байсан дээрх хоёр лам гаргаж, уншлага номоо нууцаар үйлдэж байжээ.
Гэвч тэдэнтэй адил нууцаар уншлага ном уншиж, зурхай зурж, мэргэ төлөг тавьж байсан хүмүүс хэлмэгдсэн тохиолдол ч байна. Өмнөговь аймгийн шүүхийн 1950 оны зургаадугаар сарын 19-ний 41 дүгээр тогтоолоор Л.Цүлтэмд нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн аж. 1950 онд 55 настай байсан Л.Цүлтэм тухайн үедээ Өмнөговь аймгийн Манлай сумд оршин суудаг, шинэ үсгийн багш ажилтай байжээ. Тэрбээр иргэн Палан гэх хүний хүсэлтээр есөн зоос татаж, мэргэ, төлөг буулгаж өгсөн юм байна. Үүнийхээ шанд дээлийн хятад чисчүү, биет төгрөг 100, намгар хэмээх хадаг барьцанд авсан. Мөн ард Дэндэвээс мэргэлсний барьцанд цоохор хадаг нэгийг авсан хэмээн буруутгагдаж. Тухайн үеийн шүүх ардыг шашны хуурамч суртлаар мэхэлсэн хэмээн Л.Цүлтэмд 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийн “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэх зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах” гэсэн заалтын дагуу ял оноосон аж. Уг нь 1934 онд баталсан Төр, шашныг тусгаарлах тухай хуулийн 20 дугаар зүйлд “Орон хийдийн хэрэглэгдэхүүн ба хурал номын хийгээд шашны баяр ёслолыг явуулахад орон хийд, жас болон лам нараас аливаа зүйлийн татвар, бадар хандив зэргийг албадан гаргуулахыг цаазална. Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэж заасан байж. Өөрөөр хэлбэл, сайн дураараа өгсөн зүйлийг авахыг тухайн үед хориглоогүй байтал хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр шинэ үсгийн багшийг гэнэт дайрч гянданд суулгажээ. Уг хэргийг Улсын дээд шүүх 2022 онд хэлэлцэн цагаатгаж шийдвэрлэсэн юм.
Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны хоёрдугаар сарын 16-ны тогтоолоор 52 настай, тус аймгийн Дөрвөлжин сумд оршин суух Ж.Чойжилжавд бусдаас өргөл барьц авсан үндэслэлээр нэг жил хорих ял шийтгэсэн аж. Тус сумын иргэн Б.П гэх хүн дөрвөн настай хүүхдийнхээ биеийг сайжруулахын тулд лам байсан Ж.Чойжилжавд 25 төгрөг, хадгийн хамтаар өргөн барьж, “Арга аврал байна уу” гэж ханджээ. Улмаар Ж.Чойжилжав нэг шөнө очин гүрэм уншиж өгсөн юм байна. Сумынх нь намын үүрийн даргаас авхуулаад, зэргэлдээ сумын хэд хэдэн хүн ирж арга засал хийлгэж, өргөл барьц сайн дураараа өгөөд явсан талаар ч мэдүүлэг хавтаст хэрэгт нь бий аж. Улсын дээд шүүх Ж.Чойжилжавд холбогдох, прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн цагаатгуулах дүгнэлттэй хэргийг хэлэлцээд дээр дурдсан 1934 оны Төр, шашныг тусгаарлах тухай хуулийн заалтыг үндэслэн цагаатгах тогтоол баталсан юм.
Дайн дажин холдсон ч улс төрийн хэлмэгдүүлэлт ямар нэг байдлаар үргэлжилсээр байсны илрэл нь энд өгүүлсэн хоёр жишээ. Түүнээс хойш ч 1964 онд “Намын эсэргүү бүлэг” гэгчээр МАХН-ын эрх бүхий албанд ажиллаж байсан хүмүүсийг хэлмэгдүүлсэн түүхийг ард олон мэддэг шүү дээ.