“Мета” ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Фэйсбүүк”, “Инстаграм”-ын хяналтгүй хэрэглээг дэмжиж, залуу үеийнхнийг сэтгэл гутрал, амиа хорлоход хүргэсэн, хувийн мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэх агуулгатай нэхэмжлэлийг тус компанийнхан шийдвэрлэхийн тулд АНУ-ын бараг бүх мужид ирэх 10 жилийн хугацаанд 18 тэрбум ам.доллар хүртэлх төлбөр төлөхөөр тохиролцжээ. Түүнчлэн тэд өсвөр насныхан тус платформуудыг хэрхэн ашиглахад хатуу хяналт тогтоохоо амласан байна. Тодруулбал, залуу үеийнхний сошиал хэрэглээг өдөрт хоёр цагаар хязгаарлаж, эцэг, эхийн зөвшөөрөлгүй тохиолдолд шөнө дундаас өглөөний 06.00 цаг хүртэл ашиглахыг бүрэн хориглохоор болсон гэнэ. Хэрэв “Snapchat”, “TikTok”, “YouTube” тэргүүтэй хэрэгсэл уг жишгийг дагавал “Мета”-гийн хязгаарлалтыг цаашид чангатгах төлөвтэй. Харин хэрэглэгч бүрд тохирсон контент санал болгох, сурталчилгаа явуулах системийг хаах талаар уг тохиролцоонд тусгаагүй байна.
Өнгөрсөн лхагва гарагт зарласан эвлэрлийн тохиролцоогоор уг маргаан ийнхүү дуусаж буй юм. Гэвч “Мета” гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэрээний хүрээнд төлөх мөнгө нь компанийн 3-4 сарын ашиг, эсвэл нэг сарын цэвэр орлоготой тэнцэж байгаа гэнэ. Үүнээс өмнө Калифорни, Колорадо, Кентакки, Нью Жерси муж гэхэд л тус тус 200 тэрбум ам.долларын торгууль “Мета”-гаас нэхэмжилж байв. Ихэнх муж уг хөрөнгийг ерөнхий төсөвтөө төвлөрүүлэх бол зарим нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд зориулахаар төлөвлөжээ. Энэ нь сошиал медиа компаниудын эсрэг гаргасан шүүхийн нэхэмжлэлийг шийдвэрлэх жишиг болж болзошгүйг судлаачид онцолсон. “Удаан хугацаанд сошиал медиад донтох нь батлагдсан сэтгэцийн эмгэг биш тул хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзэх боломжгүй” хэмээн тус компани маргаж ирсэн. Дэлхийн улс орнууд хүүхдүүдийг хортой онлайн контентоос хамгаалах, тэдний сошиал медиа хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч эхлээд буй. Тухайлбал, Австрали 16-аас доош насны хүүхдүүдэд цахим сүлжээ ашиглахыг албан ёсоор хориглосон юм. Өнгөрсөн сард Европын комисс “Мета” бүтээгдэхүүнийхээ зарим онцлогт өөрчлөлт оруулахгүй бол торгууль ногдуулж болзошгүйг анхааруулж байв.
Д.Хэрлэн