НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас энэ оны эхний хагас жилийн статистик, мэдээлэлд тулгуурлан гаргасан аялал жуулчлалын өсөлтийн үзүүлэлтээр Монгол Улс бүс нутагтаа дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. 2026 оны 1-6 дугаар сарын нийт үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад Парагвай улс (46%) Ази, Номхон далайн орнуудыг тэргүүлсэн бол удаах байруудад Шинэ Каледони (45%), Эль Сальвадор (43%), Монгол (39%), Палау (37%), Узбекистан (36%) жагсжээ. Түүнчлэн манай улсын утаагүй үйлдвэрлэлийн салбараас төвлөрүүлсэн орлогын хэмжээ энэ хугацаанд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 27 хувиар өссөн байна. Эл үзүүлэлтээр бүс нутагтаа Пакистан, Өмнөд Солонгосын дараа буюу гуравдугаарт эрэмбэлэгджээ. Мөн тус салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 29 хувиар өссөн үзүүлэлтээр Монгол Улс бүс нутагтаа хоёрдугаарт буюу Японы хойно бичигдсэн аж. Жуулчдын тоо, худалдан авалтын дүн, экспортын нийт орлого, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд улсаас зарцуулж байгаа хөрөнгө оруулалт гээд тус салбарын гол үзүүлэлтүүдийг нэгтгэн жинлэсэн дүнгээр Ази, Номхон далайн бүсийн шилдэг 20 орныг жагсаахад Шинэ Каледони тэргүүлж, Монгол, Палау, Тонга удаалжээ.
Н.Мишээл