Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон дагалдах төслүүдийг хэлэлцлээ. Тодотголын төсөлд сайд нарын багцын урсгал зардлаас 433.4, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758, хөрөнгө оруулалтын зардлаас 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1.4 их наяд төгрөг хэмнэхээр тооцсон. Гэвч хэмнэсэн хөрөнгийг бусад зардалд дахин хуваарилснаар улсын төсвийн зарлага 1.093 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлага 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, уулзалтад оролцсон судлаачид уг төслийг төсвийн нийт ачааллыг бууруулан “хумих тодотгол” гэхээс илүүтэй зардлыг дахин хуваарилж, нийт зарлагыг тэлсэн тодотгол гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Засгийн газар уг багц төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Мөн цалин, тэтгэвэр, татаасаар дамжуулан иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах зорилго тавьсан ч бараа, үйлчилгээний нийлүүлэлт зохих хэмжээнд нэмэгдэхгүй бол эрэлт өсөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг дээрх зөвлөлийнхөн онцлов. Түүнчлэн төсвийн зарлагын өсөлт, шинээр нэмэгдэх тогтмол зардлын санхүүжилтийн тогтвортой байдал болон төсөв, мөнгөний бодлогын уялдааг цаашид нарийвчлан үнэлэх шаардлагатай гэж үзжээ. Эл санал, дүгнэлтийг нэгтгэн, олон нийтэд удахгүй хүргэх гэнэ.
Ч.Цэлмэг