- Газар хөдлөлтийн идэвхтэй хагарлыг судалдаг цэг дээр хүртэл барилга барьжээ-
Монгол, Японы эрдэмтэд одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх явцдаа нийслэлийн суурьшлын бүс дундуурх 50-иад км газрыг хамарсан шинэ хагарал илрүүлсэн билээ. Нийслэл орчимд судлаачдын өмнө нь илрүүлсэн идэвхтэй зургаан хагарал хотын төвийн суурьшлын бүсээс зайдуу, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн харьцангуй сийрэг газруудад байсан бол 2018 онд нээсэн долоо дахь голомт Улаанбаатарыг зүүнээс баруун руу хөндлөн гулд “туучсан” байршилтай байв. Иймд Японы судлаачид үүнийг Улаанбаатарын хагарал хэмээн нэрлэж, хотын газар хөдлөлтийн аюулын зураглалыг шинэчлэх, барилгын тэсвэрлэлтийн норм дүрмийг эргэж харах, суурьшлын бүсийн дундуур дайран өнгөрөх гүн заадсын насжилт болон түүхэн үечлэл, цаашдын эрсдэлийг ул суурьтай судалж тогтоох шаардлагатайг анхааруулж байсан юм.
Такаши Наката, Яасүхиро Сүзүки, С.Дэмбэрэл, Ч.Одонбаатар тэргүүтэй эрдэмтэн “GeoScienceWorld” (GSW) зэрэг шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүл, цахим системүүдэд “Улаанбаатарын шинэ хагарал: Монгол Улсын нийслэлд нүүрлэсэн газар хөдлөлтийн аюул” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, эл асуудлыг олон улсын анхаарлын төвд оруулж байв. Харамсалтай нь, манай улс долоо дахь хагарлаас үүдэлтэй аюул эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тухайн бүс дэх барилга, байгууламж, дэд бүтцийн тэсвэржилтийн стандарт, норм дүрмийг шинэчлэх, зохион байгуулалт, хязгаарлалт хийх гол ажлуудад дэндүү хөшүүн хойрго хандсаар өдий хүрчээ. Эрдэмтдийн судалгаа, нээлтийн мөрөөр эрсдэлээс сэргийлэх дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэсэн үг. Харин ч бүр хагарлын голомт бүхий хэсгүүдэд нэмж газар олгон, баахан барилга, байгууламж бариулж, эрдэмтдийн судалгааны ажилд саад бэрхшээл учруулах болжээ.
Нийслэлийн суурьшлын бүсийг дайран өнгөрдөг гэх долоо дахь хагарал нь Богдхан уулын зүүн хойд бэл (Хүрэл тогоот болон Хүрхрээгийн амны уулзвар хэсэг)-ээс эхэлж, хотын төв хэсгийг дайран баруун хойд зүгт Баянхошуу хүртэл үргэлжилдэг. Японы Хирошима их сургуулийн профессор, дэлхийн царцдасын тектоник хагарлын нэрт мэргэжилтэн Такаши Наката болон манай улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд эл хагарлыг нээн илрүүлсэн цагаасаа хойш хэд хэдэн байршилд гүний бүтцийг нь судалсаар иржээ. Гэтэл Богдхан уулан дахь судалгааны гол цэгийнх нь ойр орчимд тансаг зэрэглэлийн хаус хотхон, хороолол шавааралдуулан барьснаас болж судлаачид ажлаа үргэлжлүүлж чадахгүйд хүрчээ. Монголчуудын гэлмэггүй, хариуцлагагүй байдалд гайхшаа барсан япон судлаач “Богдхан уул чинь дархан цаазат гэсэн биз дээ. Дархан цаазат газарт яагаад ийм олон барилга, байгууламж, хотхон бариулсныг ойлгохгүй юм” хэмээн шогширч суугааг хамтран ажилладаг монгол эрдэмтэд нь хэлж байна.
Идэвхтэй хагарал бол хот суурин газрын хувьд тэсрэх бөмбөг л гэсэн үг. Газар хөдлөх үед хагарал дагуух хэсгүүд зааглан салж, богино хугацаанд хүчтэй шилжилт хөдөлгөөн хийдэг. Тиймээс хагарлын шугам дээр болон хилийн дагуу барилга, байгууламж барих, зам, дэд бүтэц тавихыг аюулгүй байдлын үүднээс хатуу хориглодог. Барилгын суурь хуваагдах, амархан нурах, инженерийн шугам сүлжээ тасрах, хөрс гулсах, нурах эрсдэлүүдийг дагуулдаг гэж үздэг. Шинжлэх ухааны түвшинд хагарлуудын байршил, гүний бүтэц, тэдгээрийн үүсгэж болох газар хөдлөлийн хүч, давтамжийг тодорхойлж, аюулгүйн зурвас тогтоох нь хүн амаа гамшгийн эрсдэлээс хамгаалах, бэлэн байдлыг хангах гол ажил гэж үздэг юм билээ.
Тийм ч учраас Монгол, Японы эрдэмтдийн хамтарсан баг Улаанбаатарын хагарлын дагуу өндөр барилга, орон сууцын хотхон бариулах нь эрсдэлтэйг анхааруулж иржээ.
Судлаачид эхний ээлжид хоёр зүйлийг тодорхой болгосон юм. Нэгдүгээрт, тэд тус хагарлыг идэвхтэй шинж чанартайг нь геологийн баримтаар нотолсон. Хоёрдугаарт, уг хагарал хөдөлгөөнд орвол долоогоос дээш хэмжээний магнитудын хүчтэй, сүйрэл дагуулах хэмжээний газар хөдлөлт үүсгэх боломжтойг тогтоосон. Үүнд үндэслээд “Улаанбаатар хотын төвд болон барилгажсан бүсэд газар хөдөлбөл олон тооны барилга, байгууламж нурж, мянга мянган хүн эрсдэх аюултай” гэдэг дүгнэлтэд хүрсэн юм билээ. Харин үүнээс цаашихбуюу илүү нарийвчилсан судалгаа, мониторингхийх үйл явц нь Улаанбаатарын барилгажилтаас болж хүндрэлтэй нөхцөлд ороод байна. Найман жил гэдэг бол мөнгө, эрх мэдэл, албан тушаалаар далайлган хаа дуртай газартаа хотхон, хороолол босгодог хүмүүсийн хувьд дэндүү ихийг амжуулах хугацаа хэдий ч шинжлэх ухааны суурь судалгаа, үнэлгээний ажилд тийм ч хангалттай хугацаа биш гэдгийг энэ үйл явдал нотлон харууллаа.
Судлаачдын хэлж буй хэт барилгажсан, хагарлын голомт дахь судалгааны цэг нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг буюу Богдхан уулын Хүрхрээгийн ам орчимд байрладаг юм байна. Илүү тодруулбал, “Скай резорт” цанын бааз, “Асем вилла” хотхоныорчимд гэсэн үг. Тухайн хэсэгт сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар тансаг зэрэглэлийн хаус хороолол, хотхонбарьснаас Хүрэл тогоотын аман дахь одон орон судлалын төв үйл ажиллагаа явуулахадбэрхшээлтэй болоод буй талаар бид өмнө нь нийтлэл, сурвалжилгаар удаа дараа хөндсөн. Тэгвэлүүнээс үүдэлтэй дараагийн эрсдэл нь энэ аж.
Угтаа энэ бол хэдхэн хотхон, хорооллынхны, эсвэл тухайн бүсэд амьдардаг иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд л хамаатай асуудал биш юм. Хотын аюулгүй байдал, гамшиг ослыг тэсвэрлэх чадвар, нийт оршин суугчийн амь, амьдралтай холбоотой, үл тоож боломгүй чухал асуудал. Тухайн хагарлын голомтод шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх нь, ийм боломж нөхцөлийг улсаас, зохих шатны байгууллагаас бүрдүүлж өгөх нь л асар чухал ажилд тооцогддогийг физикч Ц.Батбаяр хэлэв. Гэтэл манай улсын холбогдох байгууллагынхан идэвхтэй хагарлуудын дагуу аюулын зурвас тогтоож, барилгажилтыгхязгаарлахньбайтугай дархан цаазат гэгдэх уулан дахь судалгааны цэгүүдээ хүртэл барилгын компанийнханд “суллаад өгчихдөг”, хайнга гэхэд дэндүү тоомсоргүй улс аж. Одоогоос хоёр сар гаруйн өмнө болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдааны үеэр Одон орон, геофизикийн хү рээлэнгийн Ч.Одонбаатар тэргүүтэй эрдэмтэн Улаанбаатарын хагарлыг хугацаа алдалгүй нарийвчлан судлах шаардлагатайг анхааруулсан байдаг. Гэтэл бодит нөхцөл дээрх судалгааны ажлын явц, “үр дүн” ийм л байна.
Газар хөдлөлтийн идэвхтэй хагарлыг нарийвчлан судалснаар аюулгүйн зурвас буюу хязгаарлалтын бүсийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, хотын ерөнхий төлөвлөлтийг зөв хийх буюу гол зам, гүүр, цахилгаан станц, усан сан зэрэг стратегийн чухал объектыг аюулгүй газарт байршуулах, тусгаарлах, барилга, байгууламжийн тэсвэрлэлтийн норм дүрмийг бүсчлэлээс хамааран ялгаатай тогтоох, хамгийн гол нь гамшгийн бэлэн байдлын заавар, зөвлөмж, аврах ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудыг хийх үндэслэл болдог аж. Цаашлаад физикийн талаасаа хагарлын цэгийн насжилтыг тогтоосноор газар хөдлөлийн давтамж, мөчлөгийг тооцох, сүүлийн чичирхийллийн хугацааг баримжаалах боломжтой юм байна. Мэдээж энэ судалгаа шинжилгээг хэр зэрэг дутуу дулимаг, хөнгөн хуумгай, хугацаа алдаж хийнэ, тэр хэрээр хүлээх эрсдэл, хожмын төлөөс нь нэмэгдэнэ.
Нэгэн жишээ дурдахад, 2026 оны зургаадугаар сард Венесуэль улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн эрсдэлийг тектоник судлаачид урьдчилан анхааруулж, Сан Себестян хэмээх хагаралд онцгой анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүст сануулж байжээ. Харамсалтай нь, тус улс шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлээгүйгээс хариуцлагагүйн төлөөсөнд дэндүү их зүйл алджээ. НҮБ-аас мэдээлснээр Венесуэльд болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 3000 дөхөж, нурж сүйдсэн барилга, байгууламж 800-д хүрч, нийт найман тэрбум ам.долларын шууд хохирол учирсан гэнэ. ШУАийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид үүнийг шинжлэх ухааны салбарын судалгаа шинжилгээний үр дүн, эрдэмтдийн үгийг үл тоож, хариуцлагагүй аягласны харамсалтай жишээ болгон хэллээ. Тэгвэл Богд уулын хагарлыг судлах цэг дээр хүртэл “бетонон” хотхонууд бариулсан хариуцлагагүй явдал ч хожмоо бидэнд үүний адил хатуу сургамж, их эрсдэл дагуулж болзошгүй нь.
Н.Мишээл