Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Эгийн голын эрэг дэх Бүрхийн төгөл гэх газарт энэ сарын 28-29-нд шилжих шөнө хүрэн баавгай айлын гэр лүү дайрч, туургыг нь уран, ханыг нь эвджээ. Хүрэн баавгай зөвхөн Батширээт төдийгүй Өмнөдэлгэр, Хэрлэн сумын харьяанд байх, аймгийн төвөөс 50 км зайд орших Тахилгат тосгоны нутаг дэвсгэрт үзэгдсэн байна. Тодруулбал, Өмнөдэлгэр сумаас хойд зүгт 20 гаруй км-т орших Хэнтий багийн нутаг, Бага халиугчин уруудаж яваа баавгайг нутгийн малчид харсан гэнэ. Уг амьтан Цагаан даваа, Хар энгэр, Зүүний ногоо гэсэн чиглэлээр явж сумын төвөөс зүүн зүгт 3-4 км-ийн зайтай орших хогийн цэг, оршуулгын газрын хавиар үзэгдсэнийг орон нутгийн Онцгой комисст иргэд мэдээлсэн гэнэ. Хөвчийн хүрэн баавгай зөвхөн дээрх сумын нутгаар тогтохгүй өөр газарт үзэгдэх болсон тул малчид, хадланчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрсдийн болон эд хөрөнгөө хамгаалах, хүүхдүүдээ ганц нэгээр нь малд явуулахгүй байхыг холбогдох байгууллагынхан анхааруулж буй юм. Засгийн газрын 2012 оны тогтоолоор хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад бүртгэсэн бөгөөд агнаж, намнахыг хориглосон. Хууль бусаар агнасан тохиолдолд Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор баталсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 12 сая 450 мянган төгрөгийг 2-3 дахин нугалж төлүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан билээ.
Г.Орчлон