Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Долоон настай эгч нь бүх хувцсаа дүүдээ тайлж өмсгөөд, өөрөө осгожээ. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг. Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2014 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг 10-т тухайн үеийн “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр “Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ” нийтлэлээрээ шалгарсан юм.
Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Долоон настай эгч нь бүх хувцсаа дүүдээ тайлж өмсгөөд, өөрөө осгожээ. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг. Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.
ЦАГААН САРЫН БЭЛТГЭЛ
Увс аймгийн Цагаанхайрхан сум нийслэлээс 1300, аймгийнхаа төвөөс 160 км-ийн зайтай. Ханхөхийн нурууны ар, өврийг дамнасан хангай, говь, ой хээр хосолсон 399.4 мянган га нутаг дэвсгэртэй сум юм. Засаг захиргааны нэгжийн тухайд Хулж, Хунт, Даланхуруу, Ар булаг гэсэн дөрвөн багтай. Хунт баг нутаг дэвсгэрийн хувьд уулын өвөр тал газар. Багийн төв нь сумаасаа 40 орчим км-ийн зайтай.
Энэ жил Ц.Сансарбаярынх багийн төвд өвөлжиж буй юм байна. Ц.Сансарбаярынх 20 шахам жилийн өмнө айл болсон цагаасаа хойш Хунт багт мал маллаж ирсэн. Тэдний том хүү 17 настай. Хотод оюутан. Удаах нь дүүгээ авраад амиа алдсан талийгаач охин. Хоёр охины дунд зургаан настай хүү бий.
Жил дараалж төрсөн тэрсхэн гурван хүүхдийг хүмүүжилтэй, аав ээжийнхээ үгээр байдаг гэж ойр хавийнхан нь магтана. Эгч нь охин дүүдээ илүү амь байсан гэдэг. Гаравч, оровч хамтдаа хөтлөлцөж өссөн эгчийгээ сургуульд ороход дүү нь дагаж уйлаад, сумын төвд аниатайгаа хамт байх талаар хэсэгтээ яриа болдог байж. Эгчийгээ амралтаараа гэртээ ирэхэд дүү нь бөөн баяр. Явтал нь эгчээсээ холдоно гэж үгүй. Цагаан сарын өмнө эгч нь сар гаруй хугацаанд гэртээ байхаар ирсэн нь дүүд том баяр байлаа. Бас тун удахгүй Цагаан сар болж, айл хотлоороо шинэлж, бэлэг цуглуулах нь давхар баяр байв. Томчууд бууз, баншаа чимхэж, тавгийн идээгээ бэлтгэх нь охидын хувьд тун зугаатай ажил. Яагаад гэвэл тэднийх ганц гэрээрээ өвөлжиж байгаа. Саахалтынх нь айл гурав, дөрвөн км-ийн зайтай учраас хүүхдүүд тэр бүр ирж, очилцоод байж чадахгүй. Цагаан сарын идээ ундаа бэлтгэхэд л саахалтын айлууд нэгнийдээ бөөгнөрч бужигнадаг. Тэгэхээр баярын бэлтгэл хийх нь багачуудын хувьд үеийнхэнтэйгээ тоглож, уралдан бууз тоолох, өрөх зэрэг зугаатай өнгерөөж болох өдрүүд. Ээж нь хивс, гудсаа угааж, аав нь хашаа хороогоо цэвэрлэх зэргээр сар шинэдээ бэлдэнэ. Саахалтынх нь айлууд ээлжээр бууз, баншаа чимхэж, тэр бүрд гэрийнхэн нь уригдсан өдрүүд үргэлжилж байлаа.
2014 оны нэгдүгээр сарын 23-ны өглөө. Саахалтынх нь айл бууз, баншаа хийх тухай хэл дуулгаж, “урьсан” болохоор аав Ц.Сансарбаяр нь явахаар болов. Тэдний гурван хүү ч битүүхэн явах бэлтгэлээ хийж эхлэв. Аавынх нь очих айл охидын үеийн хоёр хүүхэдтэй. Тэдэнтэй тоглож өнжинө гэж бодохоос гоё санагдсан хэрэг. Бас айлын хүүхдүүдийн Цагаан сарын гоёлыг харах далдхан хүсэлтэй. Гэвч аав нь охидод ээждээ туслах даалгавар өгөөд, үлдээхээр болжээ. Ингээд охид ээжтэйгээ үлдэж, аав, хүү хоёр мотоциклоор саахалтынхаа айл руу явжээ. Ц.Сансарбаярыг очиход саахалтынх нь айл буузныхаа махаа ч татаж дуусаагүй байв. Бүл цөөнтэй, ажил мөд дуусахааргүй шинжтэй болохоор гэр рүүгээ хөтөлгөө морьтой хүн явуулж, эхнэрээ авахуулсан байна.
ГЭРТЭЭ ҮЛДСЭН ОХИД
Ээж Гэрэлмаа нь бага үдийн үед саахалтынхруугаа айл руу явахдаа галдаа хөр нэмж, охиддоо гэрээс гарахгүй байхыг захиад үлдээжээ. Өглөө сэрээд л айл руу явж, хүүхдүүдтэй нь тогломоор санагдаж байсан охидын сэтгэл гонсойгоод үлдсэн нь тодорхой. Гэвч саахалтынх нь хүн хөтөлгөө ганц морьтой ирсэн болохоор охидод гэртээ үлдэхээс өөр сонголт байсангүй. “Буузыг нь хурдхан чимхчихээд харанхуй болохоос өмнө хүрээд ирнэ. Харин та хоёр гэртээ дулаахан байж байгаарай” гэсэн ээжийнхээ захиасыг сонсоод үлдсэн охид араас нь бэдчихийг хэн таах билээ.
Охид гэрээ харж байтал 14.00 цагийн үед салхи ширүүсэж, шуурч эхэлжээ. Шуурганд малын хашааны хаалга дуугарч, яндан дүнгэнээд эхлэхээр тэд айв. Яахаа мэдэхгүй байтал дүү Хонгорзул өмнө нь саахалтынхаа айлд нэг удаа очиж байсан, гэрийг нь мэдэхээ дуулгаж. Бүр зургаан настай ахтайгаа хамт өдөр алхаж очоод дажгүй хүрээд ирснээ ч хэлж. Ингээд охид аав, ээжийнхээ араас явахаар болж, хувцсаа бэлджээ. Бэлдэнэ ч гэж дээ. Гэртээ өмсөж байсан зузаан өмд, хөвөнтэй майк, цагаан ултай гутал дээрээ дээлээ өмсөөд гарч. Ёсыг бодож малгай, ороолтоо шүүрээд гарсан бололтой юм. Тэднийг гарахад шуурга ид ширүүсэж, саахалтынх бүү хэл малын хашаа нь харагдахааргүй байжээ. Охид өмнө явж байсан замаараа явж байна гэсэн гэнэн итгэлээр хөтлөлцөөд алхчихаж. Цасан шуурганаар, бараг дөрвөн км-ийн зайтай айлыг томчууд ч олохгүй гэдгийг тав, долоохон настай охид яахин мэдэх билээ. Тэдний бяцхан ой тойнд аав, ээжийнхээ халуун нөмөрт очно, айлын хүүхдүүдтэй тоглоно гэхээс өөрөөр даарна, осгоно, төөрнө гэсэн бодол яаж ч орох билээ. Охид сар шинийн гоёлынхоо тухай, саахалтынхны өгөх бэлгийг төсөөлөн хөгжилтэй яриа өрнүүлж байсан ч гэрээсээ холдолгүй даарч эхэлжээ. Гэвч нэгнийхээ гараас чанга атган алхсаар л, алхсаар л... Хаана яваагаа ч, гэр нь аль зүгт байгааг ч мэдэхээ болив.
ЭРЭЛ
Ц.Сансарбаяр, эхнэртэйгээ саахалтынхаа буузыг чимхсээр байтал оройтчихов. Ажил яагаа ч үгүй. Гэтэл гадаа шуураад байдаг. Гэртээ үлдсэн хоёр охиндоо санаа нь зовж ээж нь түрүүлээд явахаар болжээ. Ингээд саахалтынх нь залуу Гэрэлмааг гэрт нь хүргэж өгч. Гэртээ иртэл хоёр охин эзгүй. Гарахдаа хийсэн хөр нь цогшоод, гэр нь дулаахан байж. Гарч охидоо дуудсан ч хариу чимээгүй. Хэрэг бишидсэнийг мэдээд нөхрөө “Хурдан ир” гэж саахалтынхаа залуугаар хэл дайжээ. Эх хүний совин гэдэг онцгой. Айлд сууж, байж болохгүй яарсаар ирэхэд охид нь эзгүй байсанд сандарч шууд гараад алхчихав. Ээжийн эрэл эхлэхэд бараг 17.00 цаг болж байсан гэдэг. Үүнээс цаг орчмын дараа Ц.Сансарбаяр гэртээ ирж, мотоциклоороо араас нь яваад ч охидоо олсонгүй. Арга ядахдаа саахалтынхаа айлуудад хэл хүргэж, хотлоороо эрэлд морджээ. Тэр үед шуурга намжсан ч үдшийн жавар айхавтар байж. Хунт багийн 20, 30 хүн морьтой, мотоцикльтой, явганаар шөнөжин хайгаад хөөрхий охидыг олсонгүй. Арга ядаад нэг нь сумын төв явж, албаны хүмүүст хэл дуулгаж, хүч хавсрахаар хөдөлсөн байна.
ЭГЧ НЬ ДҮҮДЭЭ ДУЛААН ГЭХ БҮХ ХУВЦСАА ӨМСГӨЖЭЭ
Охид хэмжээлшгүйгээр даарч, нүүр нь цантаж урдах зам нь харагдахаа байсан ч хөтлөлцөөд алхаад л байв. Өдөр 14.00 цагийн орчимд гэрээсээ гарсан гэж тооцоход тэд гурван км замыг хэр хугацаанд туулсан бол. Бас цасан шуурганы өмнө хэрхэн хүчин мөхөсдөж, сөхрөө бол. Ямар ч л байсан эгч дүүс гэрээсээ гурван км холдсон байв. Хөл, гарны хуруу хорсож, хацар хайраад цааш явж дийлэхгүйгээ мэдсэн охид амсхийхээр сууцгаажээ. Сууна ч гэж дээ, цөхөрсөн хэрэг. Даарсандаа, өвдсөндөө цурхиран уйлах дүүгээ эгч нь зоригжуулж, гарыг нь бүлээцүүлэхээр хошуундаа наана. Долоохон настай ч дүүгийнхээ дэргэд уйлж улам ихээр айлгах эрх эгчид байхгүй. Харин цаг ямагт дүүгээ бөөцийлж, халамжлах, хайрлах үүрэгтэй. Тийм үүрэг хүлээсэн гэдгээ яс махандаа шингэтэл мэдэрдэг элэгсэг ард түмэн Монголоос өөр байхгүй биз ээ. Золжаргал охин эхлээд малгайгаа тайлж дүүгийнхээ малгайн дээр давхарлан өмсгөж. Дараа нь ороолтоо давхарлаж өгөөд, хөвөнтэй майкаа тайлж өмсгөжээ. Төд удалгүй дүүгээ хажуу талаар нь хэвтүүлээд дээлээрээ хучиж өгөөд салхин талд нь бондойтол суучихаж, хөөрхий эгч нь.
Тэр жаахан амьтны нөмөр гэж юу байх билээ. Гэхдээ дүүгээ аврахын төлөө голоо тасартал тэмцсэн эгчийн халуун сэтгэлийг жижигхэн биетэй нь зүйрлэхийн аргагүй. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Харин тэр жаахан охинд дүүгээ аврах сэтгэл эхийн сэтгэл шиг л цалгим их байж. Салхин талд нь бөөвийтөл чичрэх эгчийгээ харсан охин дээлийг нь буцааж өгөх гээд сарвайсан бололтой юм. Хэн хэнийхээ төлөөх агуу их сэтгэлийн илрэл болсон жижигхэн дээл охидын дундах жаахан зайд хаягджээ...
Дүүгийнхээ сарвайсан дээлийг авч амжсан бол... Хоёр бяцхан амь дунд орхигдсон тэр жижигхэн дээл эзэндээ хүрсэн бол... Болсон явдлыг сурвалжилж байхад ийм бодол салсангүй. Эгч нь дүүдээ малгай, ороолт, хөвөнтэй майк гээд дулаан байж болох бүх л хувцсаа давхарлаад өмсгөчихсөн. Нэгдүгээр сарын сүүлээр талын малчны хаяан дахь дөчийн бидонтой ус тас хөлдөөд хонодог шүү дээ. Тийм л хүйтэн шөнө бөмбөлзтөл чичирч суугаа дан цамцтай эгчийгээ хараад дүү нь дээлийг нь сарвайсан бололтой юм. Гэвч эгч нь дээлээ аваагүй. Дүүгээ дулаан байг гэхдээ буцаагаад зүтгүүлсэн ч байж мэдэх. Өдрийн 14.00 цагаас хойш шөнө дунд хүртэл цасан шуурга, тэсгим хүйтэнтэй тэмцэн бүдэчсэн охидод нэг тохой зайд дээлээ өгөлцөж авалцах хүч хүрэлгүй ухаан алдсан байх. Ямар ч байсан долоон настай охины өмсдөг жижигхэн дээл хоёр охины дунд хаягдсан байв.
ҮҮДЭН ХОЙМРЫН ЗАЙ ДАХЬ АВРАЛ
Охидыг гэрээсээ гарснаас хойш ойролцоогоор гурван цагийн дараа эрэл эхэлсэн. Эхлээд ээж, дараа нь аав нь хайж эхэлсэн байдаг. Хунт багийн төв ерөөсөө л тал газар. Тэр хавьд өндөрхөн дов ч байхгүй. Гурав, дөрвөн км-ийн цаадах айл тод харагддаг тийм л тал. Тийм ч учраас Ц.Сансарбаярын хоёр бага нь саахалтынхаа айлд алхаад оччихдог байсан биз. Гэвч тийм тал газар 20, 30 хүн хоёр охиныг хайгаад олсонгүй. Мотоциклоор, мориор, явганаар ч самнаад нэмэргүй. Малчдын унаад байдаг хятад мотоциклын гэрэл 200 метрийг тодхон гэрэлтүүлчихдэг гэж байгаа. Гэтэл мотоциклтой хүмүүс охидоос ердөө үүдэн хоймрын зайд зөрөөд байсан мөр үлджээ. Өөрөөр хэлбэл, аврал үүдэн хоймрын зайд ойртоод явсан байна шүү дээ. Эрэлд гарсан хүмүүс орилоод явсан гэдэг. Гэвч охидоос хариу дуу гараагүй. Магадгүй туйлдсан охидын аядуу дуу мотоциклын чимээнд дарагдсан биз.
Цагаанхайрхан сумын төвөөс өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өглөө 07.00 цагт эрлийн багийнхан хүч хавсрахаар иржээ. Охидыг төөрсний маргааш өглөө гэсэн үг. Эрлийн баг цаг гаруй хайгаад олсон байна.
ЗОРЬСОН АЙЛААСАА 400 МЕТРИЙН ЗАЙД
Охидыг өглөө 08.00 цагт олоход эгч нь амьсгал хураагаад удаагүй бололтой байжээ. Дүү нь эгчийнхээ нөмөрт ухаан алдсан байв. Эгч нь баруун талаар нь хэвтүүлснээс хойш хөдөлж чадаагүй яг тэр хэвээрээ байж. Харин дан цамцтай эгч нь дүүгийнхээ салхийг хааж сууж байгаад унасан болов уу гэмээр байдалтай амиа алджээ. Голоо тасартал дүүгийнхээ төлөө тэмцэж, хөөрхий эгч нь. Долоон настай охины жижигхэн бие биш агуу их сэтгэл, тэвчээр, эр зориг хахир шуурга, тэсгим хүйтнийг хааж чадсан хэрэг. Охидын дунд дээр өгүүлсэн дээлнээс өөр юм байсангүй. Дүү нь хоёр давхар майк дээрээ дээлээ өмсөөд хайш яйш бүсэлчихсэн байв. Бас давхар малгай, ороолт өмсчээ. “Эгч нь л өмсгөж өгсөн бололтой байсан. Дүүгийнх нь хөл, гар бээрчихсэн байсан” гэж эрэлд явсан хүмүүсийн нэг ярьсан. Охид зорьсон айлдаа хүрэхэд 400 метрийн зай үлдсэн байж. Нийслэлд бол автобусны буудал хоорондох зай юм уу даа. Ингээд тооцохоор охид багадаа гурван км гаруй газар явж чаджээ. Эрлийнхэн амьд үлдсэн охиныг аваад сумын төв рүү яаралтай хөдлөв. Харин аав, ээж нь талийгаачийн хойтын буяныг хийхээр үлдэцгээсэн байна.
Охин сумын эмнэлэгт нэг хоног эмчлүүлээд ухаан оржээ. Ухаан орсон ч хэд хоногтоо дуугараагүй гэнэ. Эмч нар ухаан оронгуут нь охиныг аваад Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Охины баруун талын хөл, гар дөрөвдүгээр зэргийн хөлдөлттэй. Хүнд мэс засалд орохоос аргагүй ч амь насанд нь аюулгүй болсон.
Ц.САНСАРБАЯР: ҮЙЛ Л ЮМ БАЙХ ДАА, ӨӨР ЮУ ГЭХ ВЭ
Охидын аав Ц.Сансарбаяртай ярилцлаа. Үе үе хоолой нь зангирсан ч нулимсаа барьж буй нь илт байсан. Түүнтэй ярилцаж суухад “Үйл л юм байх даа, өөр юу гэхэв” гэдэг өгүүлбэрийг хэдэнтээ давтсан юм.
-Танд эмгэнэл илэрхийлье.
-Ийм л юм боллоо. Хэлэх ч үг алга.
-Тэр өдөр охидоо дагуулаад явсан бол гэх харамсал төрөөд байх юм.
-(Хэсэг дуугүй сууж байснаа уртаар санаа алдаад яриагаа эхэллээ). Уг нь ч муу охид минь өглөөнөөс хойш явъя гэж шалсан юм. Эрэгтэй дүүг нь авч явсан болохоор ээждээ ханьтай үл дэг гэж бодохгүй юу. Бас бууз хийхээр айл руу явж байж олон хүүхэд дагуулаад юу хийх вэ гэж тээршаасан юм болов уу даа. “Миний хоёр охин гэрийнхээ ажлыг хийгээд, дулаан байж бай” гэчихээд хүүгээ аваад явчихсан хэрэг.
-Эрэгтэй дүүг нь аваад явсан болохоор битүүхэндээ атаархсан л байх даа.
-Манай охид дуулгавартай. За гээд л үлдсэн. Дурамжхан л байсан байх. Гэхдээ ээж нь үлдэж байгаа болохоор нэг их санаа зовоогүй. Ер нь ийм гай тохионо гэж яаж төсөөлөх билээ дээ.
-Бууз чимхэж байсан саахалтын чинь айл танайх руу хөтөлгөө морьтой хүн явуулж эхнэрийг тань авахуулсан байна лээ. Охидоо сундалдаад явах боломж байгаагүй юу?
-Үйл нь ирэхээр цаанаасаа бүх тохироо нь бүрдчихдэг юм байна. Тэр айлын мах таталцаад, бууз чимхсээр оройтох гээд байхаар гэрийн хүнээ дуудуулчихсан юм. Манай хүн галдаа хөр нэмж хийчихээд гарсан байна лээ.
-Охидыг хоёулхнаа үлдэхэд шуурга эхлээгүй байсан уу?
-Эхлээгүй байсан. Үдээс хойш шуурч эхэлсэн. Тиймээс манай хүн санаа зовоод гэр рүүгээ түрүүлээд явсан юм. Очиход л гэр нь эзгүй байсан гэсэн. Гал нь цогтой, гэр дулаахан байсан байна лээ.
-Танай хүүхдүүд урьд нь саахалтынхаа айлд алхаад оччихдог, ойр зуур малаа эргүүлчихдэг байсан уу. Өмнө нь талийгаачийн хоёр дүү бууз хийсэн айлд очсон гэсэн. Замаа мэдэж байсан юм болов уу?
-Хүүхдүүдээ малд тэр бүр явуулдаггүй. Тэр хавийн айлууд явганаар нэгнийдээ ирж, очоод л байдаг. Гэхдээ манай хүүхдүүд нэг их айл хэсээд байдаггүй. Талийгаачийг амралтаараа ирэхээс өмнө хоёр дүү нь тэр айлд очсон. Тэгээд л Хонгорзул тэднийх рүү явж чадна гэсэн байх.
-Танайхтай ойр өвөлжиж байсан айлын томчууд шөнөжин хайсан лээ. Их л ойр зөрөөд байж дээ.
-Үйл л байх даа. Охиддоо үүдэн хоймрын зайд ойртсон байна лээ. Манай нутаг тал газар. Чоно нохой байхгүй. Тийм цэлгэр талаас хуруун чинээ хоёр үрээ олсонгүй. Юу ч гэх вэ дээ.
-Талийгаачаас дүүгийнхээ төлөө агуу сэтгэл, тэвчээр, эр зориг гарчээ. Дүүгээ дааруулахгүйн тулд чадлаараа тэмцсэн байна.
-Биднээс л ухаантай байж, миний охин (хэсэг дуугүй суув). Хөөрхий, хамаг хувцсаа тайлаад дүүдээ өмсгөсөн байна лээ. Тэгсний хүчинд дүүгээ авраад өөрөө тэнгэрт одлоо. Юу ч гэх вэ дээ, бидний үйлийн үр ийм байж. Эрлийнхэн охидыг олоход би өөр газар хайж явсан. Яг ямар байдалтай байсныг нэг бүрчилэн ярьж өгөөгүй. Харахад нүд халтирмаар л байсан байх даа (Дахиад дуугаа хураачихлаа).
-Бага охин тань ухаан ороод болсон явдлын талаар санаж байгаа болов уу?
-Охиныг эгч маань аваад сум явсан. Эхнэр, бид хоёр талийгаачийнхаа буяны ажлыг хийчихээд гурав хоногийн дараа араас нь очсон. Ухаан ороод юу ч яриагүй гэнэ лээ.
-Мэдээж их айж, цочирдсон байх. Эгчийнхээ талаар асууж байна уу?
-Ерөөсөө дуугарахаа больсон. Айж байна, аймаар байна гэхээс өөр үг хэлэхгүй байгаа. Сэтгэл санаа нь тийм хүнд байхад эгчийнх нь талаар дуулгаж зүрхлэхгүй юм. Зөнгөөрөө мэдрээд байгаа юм болов уу даа. Их л гунигтай, ууртай байх юм. -Бас хөл, гар нь өвдөөд хүндхэн байгаа байх.
-Хэцүү, хэцүү. Хөл гар нь битүү боолттой. Хуруунууд нь харлаад хүн харахад өрөвдмөөр. Мэс засал хийж хөл, гарыг нь тайрах юм гэнэ. Охин хүүхэд хөл, гарнаасаа салах нь гэж бодохоор өрөвдөхөөс өөрийг хийж чадахгүй юм даа. Тэр үеэс хойш эмнэлэгт л байгаа.
-Ямар мэс засал хийх бол. Хөл, гарыг нь тайрахгүй байх арга байхгүй гэнэ үү?
-Байхгүй гэсэн. Насаараа хөдөө мал маллаж амьдарсан болохоор хотод таних хүн ховор. Сураглаад, арга чарга хайя гэхээр газар мэдэхгүй юм. Дээр нь охин байнгын сахиуртай. Хотод байдаг ах, дүү нарынхаа дэмээр л болгож байна даа. Бас сумынхан маань багагүй туслаж, дэмжиж байгаа. Амьд үлдсэн охиноо эрхтэн бүрэн үлдээчих юмсан гэж хүсэж, залбирахаас өөр чадах юм алга.
-Зарим хүн талийгаачид зориулж суврага босгох санаачилга гаргасан байна лээ. Сонсов уу?
-Тийм үү. Хүн танихгүй болохоор мэдэх юм алга. Тэр өдөр охидоо аваад явсан бол, тэр айлд очоогүй бол гээд элдэв юм бодогдох юм. Үйл нь ирэхээр болдоггүй л юм байна. Ийм их гай зовлон тохиохоор өөрсдийгөө буруутгахаас өөр чадах юм олдохгүй юм. Талийгаач минь сурлага сайтай, сэргэлэн охин. Дүү нартаа их халамжтай, ажилсаг. Сумын төвд манай ахынд байж, хичээлдээ явна. Амралтаараа ирэхээр дүү нар нь хөөрөөд сүйд. Амиа алдтал дүүгийнхээ төлөө зүтгэсэн тэр жаахан амьтан хэчнээн их зовоо бол. Ингэж бодохоор л голоос юм зураад тасарчих гээд байх юм. Араас нь үхэж болдоггүй хорвоо хойно яалтай билээ.
-Эхнэр тань гэртээ хүүтэйгээ байгаа юу?
-Нэг нь гэртээ үлдэж амьдралаа залгуулахгүй бол болохгүй юм. Манай хүн гэртээ хэдэн малтайгаа үлдсэн. Дүү нь туслаж байгаа сурагтай. Охин маань эдгэж байвал мал хуй яах вэ. Эмнэлэгт хэдэн cap хэвтсэн ч хамаа алга.
Б.Цэцэгдэлгэр