Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийнхэн зуншлагын ерөнхий төлөвт үндэслэн 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын үнэлгээг энэ сарын 20-ны байдлаар гаргаснаа өчигдөр танилцууллаа. Одоогийн байдлаар Монгол орны нийт нутгийн 60 хувьд зуншлага хэвийн, 40 хувьд гантай болон гандуу байгаа аж. Харин нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувьд бэлчээр хүрэлцээтэй буй бол 29.8 хувьд нь даац 1-3, 8.3 хувьд 3-5 дахин, 9.1 хувьд олон дахин хэтэрсэн байна. Тодруулбал, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрч гарчээ. Бүсчлэлээр нь авч үзвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дорноговь, Хэнтийн цөөн сумын нутгаар зуншлага оройтсон, гандуу болон гантай байгаагаас даац олон дахин хэтэрч гарсан аж. Даац хэтэрсэн нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй байгаа тул шаардлагатай өвс, хадланг өөр бүсээс бэлтгүүлэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл зохион байгуулах, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, тоо толгойг нь зохистой түвшинд бууруулах зэрэг арга хэмжээг орон нутгууд дор бүрнээ эртнээс хэрэгжүүлж, өвөлжилт, хаваржилтад бэлтгэх шаардлагатайг цаг уурын байгууллагаас анхааруулав.
Ж.Сувд