Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг энэ сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Тодруулбал, суудлын автомашины хураамж 1000 төгрөг байсныг 5000, ачааныхыг 10 000-аас 20 000 төгрөг болгож нэмсэн юм. Харин энэ шийдвэрийг цуцлахыг уриалж, иргэн Э.Батбаяр өнгөрсөн долоодугаар сарын 28-наас нийтийн өргөдлийн системд цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэрбээр” Зам, тээврийн яамнаас орон нутгийн зам ашигласны хураамж төлбөрийг 10 000 төгрөг болгон нэмснийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Хураамж, татвар ихэдсэн үү гэхээс огт дутаагүй, иймд 10 мянган төгрөгийн хураамжийг цуцлахыг хүсэж байна” хэмээн өргөдөлдөө бичжээ.
Тэгвэл тус цахим өргөдөлд 33 011 хүн гарын үсэг зурснаар зорилтод тоондоо хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 33 мянган хүний гарын үсэг цуглуулахаас өчигдөр 16.00 цагийн үед эл үзүүлэлтийг давснаар, ажлын хэсэг байгуулахаар боллоо. Санал авч дуусах хугацаанаасаа хоёр хоногийн өмнө зорилгодоо хүрсэн бөгөөд сүүлийн хоёр хоногт гэхэд 10 мянга орчим хүн гарын үсэг зуржээ.
УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг цахимаар хүлээн авах, хэлэлцэх тухай заасан. Нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулах ба үүнийг нь 100 мянга буюу түүнээс дээш иргэн дэмжсэн бол УИХ-аар авч хэлэлцэх юм. Харин байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт, шалгалт явуулах саналыг 70 мянга ба түүнээс дээш, тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 мянга ба түүнээс олон хүн дэмжсэн тохиолдолд хүчинтэйд тооцдог байна.
Ч.Болор