Монгол Улс СОР-17 гэх хурлаар дэлхийн олон орны төлөөлөгч дийг урьж залан шил шилээ дарсан арга хэмжээ зохион байгуулж байна. Гэтэл энэ зуурт Монголын нэрийг дэлхийд өндрөөр өргөдөг цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид маань өөр оронд хүлээн авалтын танхимд хоног төөрүүлж буйг хэн ч анхаарсангүй, анзаарсангүй, ганц ч үг ганхийсэнгүй өнгөрөөлөө. Хамгийн түрүүнд дуугарах ёстой Батлан хамгаалахын сайд Д.Батлут нь ч таг чиг.
ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ЦАЛИНГ ЯАГААД ОЛГОХГҮЙ БАЙНА ВЭ
Хойд Атлантын далай, Карибын тэнгисээр хүрээлэгдсэн Их Антиллын арлуудын нэг Хиспаниолад оршдог Бүгд Найрамдах Хаити Улсад хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, зэвсгийн худалдааны эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2025 оны есдүгээр сард гаргасан шийдвэрээр Гэмт бүлэглэлийг дарах хүчин (Gang Suppression Force буюу GSF) хэмээх цэрэг, цагдаагийн алба хаагчдыг оролцуулахаар болсон байдаг.
Тус улсын нийслэл Порт-о-Прэнс болон бусад бүс нутгийн дийлэнх хэсгийг хяналтдаа авсан гэмт бүлэглэлүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулах болон хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой энэ хүчний командлагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Б.Эрдэнэбат томилогдон үүрэг гүйцэтгэж буй юм. Өөрөөр хэлбэл, Монголоос гадна Чад, Эль Сальвадор, Гватемал, Ямайка, Шри Ланка, Кот-д’Ивуар зэрэг улсын 5000 гаруй энхийг сахиулагчийн удирдлага, зохион байгуулалт гээд бүхнийг хариуцаж байгаа. Хошууч генерал Б.Эрдэнэбатаар удирдуулсан манай алба хаагчдын эхний хэсэг өнгөрсөн тавдугаар сард Хаитид очсон юм билээ. Тухайн орны улс төрийн байдал тогтворгүй, 2021 онд Ерөнхийлөгчийнх нь аминд халдсан, авлига, хээл хахууль өндөртэйгөөс төрийн болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудынх нь чадавх суларсан зэрэг хүчин зүйл ард түмэнд нь сөргөөр нөлөөлж буй аж. Өдгөө тэнд шилжилтийн түр Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах шийдвэрийг Сонгуулийн хорооноос гаргасан гэнэ. Энэ үеэр Хаитигийн дотоод аюулгүй байдал улам эрсдэлтэй болж болзошгүй гэсэн болгоомжлол бий.
Уг нь манай улс 2003 оны есдүгээр сард “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд анх цэргийн баг илгээсэн. Түүнээс хойш рот, батальоны хэмжээнд энхийг сахиулагчдыг нэг жил хүртэлх хугацаагаар дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгүүлж байсан туршлагатай. Засгийн газрын тогтоолоор НҮБ-ын болон энхийг дэмжих бусад ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын нөхөн олговрын 70 хувийг гарт нь олгож, 30-ийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлдэг байв. Өнгөрсөн жилээс энэ хувь хэмжээг өөрчилж, энхийг сахиулагчдад 80, Засгийн газрын тусгай сангуудын нэг Зэвсэгт хүчний хөгжлийн санд 20 хувийг нь суутгахаар болсон. Суданд НҮБ-ын далбаан дор үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид сүүлийн нэг жил орчмын хугацаанд энэ хэмжээгээр нөхөн олговор, урамшууллаа авсан биз.
Гэтэл НҮБ-ын мандаттай, Хаити улсад явуулж буй Гэмт бүлэглэлийг дарах хүчинд үүрэг гүйцэтгэхээр өнгөрсөн тавдугаар сард очсон энхийг сахиулагчид одоог хүртэл цалин, урамшууллаа авч чадахгүй байгаа нь харамсалтай. Учир нь АНУ-аас олгох цалин, урамшууллыг манай Батлан хамгаалах яам (БХЯ) тусгай данс нээн авч, алба хаагчдад хуваарилахаар шийдвэрлэсэнтэй холбоотой гэнэ. Мэдээж Засгийн газрын тусгай сандаа энхийг сахиулагчдын нөхөн төлбөрийн 20 хувийг авч үлдэхийн тулд цэргийн алба хаагчидтайгаа гэрээ байгуулж, БХЯ ямар нэг дансанд төвлөрүүлэх ёстой. Үүнийгээ шуурхай шийдэхгүй 2-3 сар хугацаа алдаж байгаа нь БХЯ-ны эрх мэдэлтнүүд энхийг сахиулагчдынхаа цалинг шилжүүлэн аваад “угааж” буй юм биш биз гэсэн хардлага төрүүлэх болов.
МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗОЧИД БУУДЛЫН ХҮЛЭЭН АВАЛТЫН ТАНХИМД БӨӨНӨӨРӨӨ БАЙНА
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Хаити улсад НҮБ-аас явуулж буй Гэмт бүлэглэлийг дарах хүчинд Монгол Улсын цэргийн багийг оролцуулахаар шийдвэрлэж, цэргийн алба хаагчид энэ сарын 6-нд Зэвсэгт хүчний жанжин туганд хүндэтгэл үзүүлээд, хэдхэн хоногийн дараа эх орноосоо мордсон юм. Уг нь тэднийг илгээхээс өмнө БХЯ, ЗХЖШ, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөл болон дээрх хүчний командлагч, хошууч генерал Б.Эрдэнэбат нар цахимаар хуралдаж, хамгаалалтын салбар буюу монгол цэргүүдийг ажиллагааны газар оронд хүлээн авах болон сургалтын бэлтгэл, техник, ар тал хангалт, холбогдох бусад ажлын явцын талаар мэдээлэл солилцож, ажлын уялдаа холбоог хангах асуудлыг хэлэлцсэн юм билээ. Гэвч аливаа ажилд элдэв саад бэрхшээл гэнэт гарч ирэх тохиолдол багагүй. Тийм саад бэрхшээлээс болж манай цэргийн алба хаагчид Казахстанд саатсан байна. Казахстаны олон нийтийн сүлжээнд Монголын энхийг сахиулагчдын зочид буудлын хүлээн авалтын танхимд бөөндөө сууж буй зургийг нийтэлжээ. Уг зургийнхаа тайлбарт “Эдгээр Монгол цэрэг холбогдох албаныхан асуудлыг нь шийдвэрлэхийг хүлээн зочид буудлын хүлээн авалтын танхимын шалан дээр тэвчээртэйгээр сууж байна. Тэднийг GSF-ийг дэмжих зорилгоор Хаити улс руу хийх аяллаа үргэлжлүүлэхэд нь тусална уу” хэмээн бичсэн байв.
Энхийг сахиулагчдыг ажиллагааны газар оронд хүргэхийн тулд тусгай үүргийн онгоц захиалж, тээвэрлэдэг. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийнхан ч Африк тивээс цэргүүдээ авчирч байсан удаатай. Тэгвэл НҮБ-аас Хаитид явуулж буй ажиллагаанд оролцох Монголын энхийг сахиулагчдыг тээвэрлэж явсан агаарын хөлөг Казахстаны нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх үедээ гэмтэл гарснаас болсон уу, Алматы хотын нисэх буудалд зайлшгүй буулт хийжээ. Ингээд Монголын цэргүүд нисэх буудлаас зочид буудалд хүргүүлж, хүлээн авалтын танхимд нь нислэгээ хүлээн сууж байгаа зургийг нь олон нийтийн сүлжээндээ тавьсан бололтой. Энхийг сахиулагчид гадаад орны нисэх буудалд саатаж, олон нийтийн сүлжээнд нь зураг хөрөгтэйгөө нийтлэгдсэн байхад манай БХЯ болон Гадаад харилцааны яамныхан шуурхай арга хэмжээ авалгүй цаг алдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, COP-17-д хамаг анхаарлаа хандуулаад цэргийн алба хаагчдаа үл тоов. Тиймдээ ч Казахстаны олон нийтийн сүлжээнд “Хаити улс руу хийх аяллаа үргэлжлүүлэхэд нь тусална уу” хэмээн Монгол дахь НҮБ-ын холбогдох байгууллага руу хандан бичсэн биз.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Казахстаны холбогдох албаныхан, тус улс дахь Монголын ЭСЯ-ны цэргийн атташе зэргийг байлцуулан уулзаж, аяллыг нь үргэлжлүүлэх арга хэмжээ авахаар болсон бөгөөд өнөөдөр цааш нисэхээр төлөвлөсөн гэнэ.
Гэмт бүлэглэлийг дарах хүчний командлагч, хошууч генерал Б.Эрдэнэбатын өгүүлснээс үзвэл өнгөрсөн тавдугаар сард ажиллагааны газар оронд ажиллах Монголын цэргийн багийн штабын офицерууд Хаитид очсон байгаа юм билээ. Харин тэднийг хамгаалах энхийг сахиулагчид ийнхүү замдаа саатаад буй аж.
Ийм үйл явдал өрнөөд байхад Батлан хамгаалахын сайд нь хүүхдийн зусланд гүйж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлж, “тоглож” байв. Уг нь холбогдох албаныхантайгаа энэ асуудлыг анхааралдаа авч, Монгол Улсын нэрийг дэлхийд өндөрт өргөдөг цэнхэр дуулгатнуудынхаа цалин мөнгийг шуурхай шийдэж, ажиллагааны газар оронд саадгүй хүргэж, үүргээ амжилттай гүйцэтгэхэд нь анхаарах ёстой сон.
Д.Дайчин