АНУ өнгөрсөн даваа гарагт Сирийг терроризмыг ивээн тэтгэгч улс ор нуудын жагсаалтаас хаслаа. Ингэснээр уг жагсаалтад Куба, Иран, БНАСАУ л үлдсэн байна . Эл шийдвэрийн үр дүнд Вашингтон тус улсын Засгийн газартай харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөхцөл бүрдэж буй аж. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоодугаар сарын 8-нд Сирийн уг статусыг цуцлах хүсэлтэй байгаагаа Конгресст албан ёсоор уламжилснаас хойш 45 хоногийн хяналтын хугацаа дууссаны дараа шийдвэр ийнхүү хүчин төгөлдөр болсон гэнэ. Үүний дараа Дамаск ОХУ-аас импортолдог газрын тосны хэмжээгээ эрс бууруулахаар амласныг албаны эх сурвалж мэдээлэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Энэ нь Ерөнхийлөгч Ахмед ал-Шараагийн удирдсан Сирийн Засгийн газар олон улсын терроризмын үйл ажиллагаанаас бүрэн ангид байхын төлөө хийсэн эерэг алхам боллоо” хэмээсэн бол Сирийн Гадаад хэргийн сайд Асад ал-Шибани “Уг статусыг цуцалснаар манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт сэргэнэ гэж найдаж байна . Эх орноо цэцэглэн хөгжүүлэхэд бидэнд ямар ч саад үлдсэнгүй” гэжээ.
Трампын засаг захиргаа өнгөрсөн оны долоодугаар сард Сирийн эсрэг хэрэгжүүлж байсан өргөн хүрээний хориг арга хэмжээгээ хүчингүй болгосон ч Ассад болон түүний холбоотнууд, хүний эрх зөрчигчид, хар тамхины наймаачид, “Исламын улс ” болон “АльКаида” бүлэглэл, Ираны дэмжлэгтэй хүчнүүд рүү чиглэсэн тодорхой хоригоо хэвээр үлдээж байв. Сири улс уг жагсаалтад 1979 оноос хойш багтаж ирсэн юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч Хафез ал-Ассадын Засгийн газрыг зэвсэгт бүлэглэлүүдийг дэмждэг хэмээн буруутгадаг байсан аж. 14 жил үргэлжилсэн дайны дараа тус улс эдийн засгаа сэргээн босгохын тулд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж байна.
Д.Хэрлэн