Мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд усан хангамжийг нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг говийн бүсэд хэрэгжүүлж буйгаа Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. Одоогоор Говийн их дархан цаазат газрын А хэсэгт долоон баянбүрдийг иж бүрэн судалж, гар ажиллагаатай 10 худгийг нарны өргүүртэй болгож шинэчлэн, таван байршилд 2-400 тонн ус хуримтлуулах багтаамжтай хөв цөөрөм байгуулжээ. Түүнчлэн мазаалайн тархац нутагт үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлснээр сүүлийн жилүүдэд ширгээд байсан найман булаг шанд сэргэж, урсац нь нэмэгдсэн байна.
Говийн баавгай амьдардаг, ялгаатай хэв шинж бүхий баянбүрдийн экосистем (ус, хөрс, ургамал, амьтан, цаг уур)ийг нарийвчлан судалснаар байгаль хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөг илүү боловсронгуй болгох, уст цэгүүдийн байршлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох боломж бүрджээ.
Н.Мишээл